Монгол Улсын хувьд жил бүр агаарын бохирдлоос үүдэн 4000 орчим хүн амь насаа алддаг гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргасан байдаг. Эдгээрийн 15 хувь нь бага насны хүүхэд байгаа аж. Тус судалгаанд агаарын бохирдол нь уушгины өвчлөл цаашлаад уушгины хорт хавдар, зүрх судасны өвчлөл үүсгэдэг болохыг баталжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс 133 дахин илүү буюу нэг куб метрт 3.3320 микро грамм бохирдолтой гэсэн тооцоог гаргасан юм.Түүнчлэн, сүүлийн арван жилийн дотор амьсгалын замын өвчний тархалт гурав дахин нэмэгдэж, тав хүртэлх насны хүүхдийн нас баралтыг уушгины хатгалгаа өвчин тэргүүлж байна. Мөн Улаанбаатар хотод амьдардаг хүүхдүүдийн 40 хувь нь их бага хэмжээгээр амьсгалын замын вирус тээсэн гэсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор уушгины өвчлөл тэр дундаа хавдар ихээхэ илрэх болсон аж. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Уушгины их эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэлээс тодрууллаа.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин гэхэд эдгэрэхгүй удсанаас болж хатгаагаар хүндрэх, сүрьеэ, хатгаа зэргээр амь насанд хүртэл халгаатай болж байгааг агаарын бохирдолтой холбож тайлбарладаг.  Улаанбаатарчууд өвлийн улиралд байх ёстойгоосоо хэд дахин бохирдсон орчин нөхцөлд ажиллаж амьдарч байна. Ялангуяа өвлийн улиралд хүний амьсгалын эрхтэн тогтолцоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, нарийн ярьвал 10 дахин утаатай нөхцөлөөс үүдэн эрүүл хүн ч уушгины өвчин эмгэгт өртөж байна. Үүнийг дагаад байнга ханиалгах, гуурсан хоолойн архаг болон цочмог үрэвсэл, уушгины архаг бөглөрөл, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин эрс нэмэгдсэн. 

Монгол улсын хэмжээнд халдварын бус өвчлөлийг мөн л амьсгалын замын халдварт өвчин тэргүүлдэг. Тэр дундаа уушгины архаг бөглөрөл өвчин дэлхий нийтийн нас баралтын шалтгааны зургаадугаар байрт орж байсан бол орчины болон агаарын бохирдлын нөлөөгөөр 3 байр урагшилсан. Өнөөдөр гэхэд манай эмнэлгийн уушгины тасаг ачаалал хэтэрчихсэн. Заримдаа эвхдэг орон дээр хүртэл хүлээн авч байна.

Уушгины хавдар өвчин ч мөн үүнийг дагаад нэмэгдчихлээ. Эмч мэргэжилтнүүд тамхи татдаг хүмүүсийн дунд л тохиолддог гэж үздэг байсан. Гэтэл сүүлийн үед огт тамхи татдаггүй хүмүүсийн дунд ч уушгины хорт хавдар илрэх болсон. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд ихээхэн тохиолдож байгаа нь агаарын найрлага дахь бодисуудаас хавдар үүсгэгч  ялгарч эсийг гэмтээж байна гэсэн үг. 

Үүнийг эрдэмтэд ч баталчихсан. Өмнө нь 60-аас дээш насныханд л уушгины хавдар тохиолддог байсан ч залуужих болсон. Бас нэг дурьдахгүй өнгөрч болохгүй чухал зүйл нь түүхий нүүрстэй холбоотой мэдээлэл юм. Нүүрсний утаа уушгийг хордуулдаг бол түүхий нүүрсний дутуу шаталт хүний оюун ухаанд маш хортой нөлөөтэй гэдгийг эрдэмтэд баталчихлаа. Түүхий нүүрс түлдэг зарим орнуудын жирэмсэн болон бага насны хүүхдийн дунд судалгаа хийсэн байдаг. Ингэхэд агаарын бохирдолгүй орчинд амьдарч байгаа хүний оюун ухааны хөгжил нь доогуур түвшинд гарсан.