Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой" компани “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. 

Тус гэрээнд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, “Оюу толгой” компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурав. Ингэснээр Тавантолгойд цахилгаан станц байгуулах шийдвэр баталгаажиж буй юм. 

Гэрээнд гарын үсэг зурсны дараагаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Он солигдох гэж буй энэ цаг мөчид манай салбарт түүхийн хуудсаа баяжуулсан чухал үйл явдал болж байна. Өнөөдрийн энэ гэрээ 2 талаасаа хүчин чармайлт гаргаж чадах юм бол харилцан үр ашигтай гэрээ болно. Оюутолгой компани манай эрчим хүчний салбарын хамгийн том хэрэглэгч. Бид гадагшаа их хэмжээний валютыг урсгал зардалд алдаж байгаа. Ирэх жилээс Оюутолгой компанид дотоодоосоо эрчим хүчээ нийлүүлж эхлэснээр гадагш урсгаж буй зардлыг багасгана. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжиж эхэлнэ. 

2023 онд Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний цахилгааны холбогдолтой заалт бүрэн хэрэгжих төдийгүй гаднаас авч буй хэрэглээ зогсож,  гадагш урсаж буй зардлаа бүрэн Монгол орондоо авч үлдэх боломж бүрдэнэ. Тиймээс энэ гэрээ нь эдийн засгийн хувьд ийм том ашигтай гэрээ болж буй юм" гэдгийг онцлон хэллээ.

Үүний дараагаар Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Монгол Улсын Засгийн газраас тус гэрээг дэмжин баталсныг би талархан хүлээж авч байна. Энэ гэрээг байгуулснаар Оюутолгой компани Тавантолгойн станцыг барьж хэрэгжүүлэх замын зураглалыг тодорхойлж өгч буй юм. Ингэснээр зөвхөн Оюутолгой компани гэлтгүй өмнийн бүсийн цахилгаан эрчим хүчний урт хугацааны шийдлийг баталгаажуулж байна. Оюутолгой компани дотоодоосоо эрчим хүч авах үүргээ биелүүлэхийг үргэлж хичээсээр ирсэн. Энэхүү гэрээгээр Оюутолгойн урт хугацааны эрчим хүчний шийдлийг гаргаж, гүний уурхайн тогтвортой, аюулгүй үйлдвэрлэлийг хангах нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь ашиглалтад орсноор манай уурхайн Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр улам бүр өснө гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ төсөл нь маш далайцтай төсөл учир бидний өмнө хийж хэрэгжүүлэх ажил маш их байна" хэмээлээ.

Гарын үсэг зурах ёслолыг дүрс бичлэгээр хүргэж байна.