УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилох саналыг хэлэлцэж, 66 гишүүний 89.4 хувь нь дэмжлээ.

Цэрэнпилийн Даваасүрэн 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. 1989 онд ЗХУ-ын Украйны Харьковын Политехникийн дээд сургуулийг Удирдлагын академи Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, Япон улсын Сайтомогийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны магистр, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

Тэрээр Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын их гараагаа эхэлсэн. Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөхийн албан тушаалыг тус тус хашиж байсан. 2008, 2012, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар гурван удаа дараалан УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд одоо УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.