Удахгүй болох уламжлалт Цагаан сарын баяртай холбогдуулан ЦЕГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа.

Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь өмчийн эсрэг бусад гэмт хэргийн гаралт өссөнийг сүүлийн 10 жилийн криминологи, социологийн судалгааны дүнгээс харагдаж байна.

Хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг үр нөлөөтэй явуулахад иргэдийн дэмжлэг туслалцаа зайлшгүй чухал. 

Байгууллага,  аж ахуйн нэгж, иргэд өөрийн эзэмшилд байгаа эд хөрөнгийг бат бэх, найдвартай орон байр, агуулах саванд хадгалж үргэлжийн харуул хамгаалалтанд байлгахыг анхааруулж байна. Ялангуяа иргэд ажлаар болон амралтаар хол удаан хугацаагаар гэр орноо эзгүй орхих нөхцөлд найдвартай хүмүүст захиж үлдээх, өөрсдийн санаачлагаар байр сууцныхаа орц, давхарт байнгын сахиул жижүүр эсвэл камерын хяналтын систем нэвтрүүлж болно. Мартагдсан боловч өнөө үед үгүйлэгдэх болсон хөршийн холбооны уламжлалыг сэргээх нь гэмт хэргээс сэргийлэхэд тустай. Энэ нь урьдаас бэлтгэгдэж байгаа гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг үйлдэгддэг, үйлдэж болох хүмүүсийн тухай, тухай бүрт цагдаагийн байгууллагад мэдэгдэж улмаар тэдний гэмт үйл ажиллагааг таслан зогсоох боломж олгох, хулгайлах гэмт хэргийн халдлагад өртсөн тохиолдолд иргэд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, гэмт этгээдийн ул мөрийг баллахгүй байх, гэмт хэрэг гарсан газрыг хамгаалах шаардлагатай.

Иргэн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих, хулгайн гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

Иргэд та бүхнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
           

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС