Өнгөрсөн жил цэцэрлэгийн сугалаандаа бүдэрч ээжийгээ “сугалсан” 44500 хоёр настнууд гэртээ үлдэж байсан билээ. Тэгвэл энэ жил мөн тоотой  дүйцэхүйц  тооны хүүхэд цэцэрлэггүй үлдэв.  Харин эдгээр цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүд  хаачих вэ, ар гэрт нь ямар асуудал бэрхшээл учирч байгаа  бол? Энэ сэдвээр  Mommy central группын зарим ээжтэй холбогдож тодрууллаа.

Х.ЗАЯА: Цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүд байрны лизингтэй гэр бүлд  хүнд тусч байна

-Цэцэрлэгт орж чадаагүй хүүхдээ яах вэ, харуулах хүн бий юу?

-Миний хувьд хүүхдийн цэцэрлэгийн асуудал толгойны өвчин болоод байна. Хүүхдээ харуулах хүнгүй учраас дахиад нэг жил хүлээх нь ээ. Бидэн шиг сар бүр байрны лизинг төлдөг залуу хүмүүсийн хувьд нэг нь орлогогүй гэртээ  суучихаар санхүүд хүнд тусдаг юм байна.

-Цэцэрлэг судалж үзэв үү?

-Сургалт сайтай хувийн цэцэрлэгийн төлбөр нь 400 мянган төгрөгөөс дээш байна. СУгалаанд тэнцээгүй ч гэсэн харъяаных нь цэцэрлэг дээр нь очтол нэг ангид 30-35 хүүхдийн нормтой, одоо байгаа хүүхдийнхээ тоог цөөл гэж МХГ-аас “шахсан” гэж багш нар учирлаж байсан. Цэцэрлэг нь хүрэлцээгүй байхад тоог нь танаж хүүхдийг азтай азгүйгээр нь ялгаж байгаа төр засагтаа гомдож байна.  Өнөө хүн амаа өсгөх улсын бодлого нь хаана явна. Өсгөх нь битгий хэл өнөөдрийн асуудлаа ч шийдэж чадахгүй байна шүү дээ. Би гэхэд хүүгээ дүүтэй болгоё гэж бодож байснаа болихоор шийдсэн.
-Ажил хийдэг байхдаа сардаа дунджаар хэдэн төгрөгийн орлогтой байв?

-Би хувийн бизнес хийдэг байсан. Дунджаар бол нэг сая төгрөгийн орлого олдог.

Б.МӨНХЗОЛБОО: Хахуул өгөөд ч болтугай хүүхдээ цэцэрлэгт оруулна

-Цэцэрлэгт оруулж чадаагүй хүүхдээ өөрөө харах уу?

-Миний хүү хоёр ой зургаан сартай юм. Би  охиноо нэг настай байхад нь ажилдаа орсон. Хүүг ээж минь гэрээр харж байна. Гэрийнхээ ойр орчимд хувийн цэцэрлэг судалж үзтэл 220-450 мянган төгрөгийн төлбөртэй юм. Төлбөр нь ч яахав гээд өгчихөөр сургалт муутай, хүүхдийг зөнгөөр нь хаячихдаг, ханиад томуутай байсан ч орлогоо бодоод явуулаад байдаг гэж олон хүнээс дуулж байсан. Хүүхдээ хахуул өгөөд ч болтугай заавал цэцэрлэгт оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хүүхдээ гэрээр хүмүүжүүлэхийн сул талыг дурьдаач?

-Хэдийгээр харах хүнтэй боловч цэцэрлэггүй үлдчихээр хүүхдийн хөгжил хоцрогдож байна. Гэртээ зурагт үзэж эмээтэйгээ шулганахаас өөр зүйлгүй. Тийи учраас хүүхдээ ирэх цэцэрлэгт оруулахаар шийдсэн.

Х.МИНЖИН:  Цалингаа хоёр хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрт зарцуулна

Сугалаандаа бүртгүүлсэн үү?

-Уг  нь хоёр хүүхдээ бүртгүүлсэн. Ядаж нэгийг нь сугалаанд хожчих байх гээд битүүхэн  горьдоод л байсан ч талаар болоо. Бага нь хоёр настай. Цэцэрлэгт нь хоёр настай 380 хүүхэд бүртгүүлсэн ч ердөө 120 хүүхэд авсан гэсэн. Энэ амралтын өдрөөс хувийн цэцэрлэг судална даа.

-Хоёуланг нь цэцэрлэгт өгөхөөр танай гэр бүлийн эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Нэг хүний цалин хаанаа ч хүрдэггүй. Би ажилд орлоо ч гэсэн ихэнхийг нь хоёр хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрт өгч таарна. Нөхрийн цалингаар амьдрал ахуйгаа зохицуулна, бас машиныхаа лизингийг төлнө

-Сардаа лизингэд хэдэн төгрөг төлдөг вэ?

-300 мянган төгрөг төлдөг.