Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг тогтоолыг хянан хэлэлцээд хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэжээ. 

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй.

Иргэдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагыг заахдаа “... Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж заасан бөгөөд “сонгуулийн жил” гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна. “Сонгуулийн жил” гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгоно. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт зааснаар сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн төрлүүдтэй байх бөгөөд “Ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ.” гэж заажээ.

Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан дөрвөн жил тутам явагдах сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд 2016 онд явагдсан энэхүү сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасан ээлжит сонгууль юм. Харин Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт товлон зарласан сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн мөн зүйлийн 8.1.3 дахь заалтад заасан нөхөн сонгууль. Эндээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасан “сонгуулийн жил” гэдэгт дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгох бөгөөд “сонгууль явуулах тухайн жил” гэсэн ойлголтыг агуулаагүй байгаа тул төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагад заасан хугацаа нь Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхэд хамаарахгүй.

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 62 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд төрийн албан хаагчдын сонгуульд нэр дэвших харилцаатай холбоотой аливаа зохицуулалт байхгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй болно” гэсэн өгсөн тайлбарыг цэцэд өгсөн гэдгээ хэллээ.

Мөн тэрбээр цаашдаа Сонгуулийн тухай хуулийг тус тусад нь салгаж бие даасан гурван хууль болгохоор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Маргаантай, тодорхой зохицуулалтгүй байгаа энэ мэтийн асуудлыг цэгцэлж хуулийн төсөлд тусгах үүднээс бусад орны жишгийг судалж лавлагаа гаргаад байна. Түүнчлэн хуулийн дээрх заалтыг хэрхэн өөрчилж зохицуулах талаар хэд хэдэн хувилбар гаргаж хуулийн төсөл бэлтгээд байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, эсвэл шинэ хуульдаа тусгах уу гэдгийг ажлын хэсэг дээр сайн ярилцаж нэг тийш нь болгоно, энэ асуудал нээлттэй байгаа гэдгийг нэмж тодотголоо.     

Цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт нь нэг хүний эрхийг хамгаалахын тулд Хэнтий аймгийн сонгуулийн 42 дугаар тойргийн 14 мянган сонгогчийн сонгох эрхийг зөрчсөн, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж харж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн албан хаагч нь төрд тангараг өргөсөн учраас жирийн иргэн жирийн албан хаагчтай адилгүй. Цаашид энэ асуудлыг нарийвчлан авч үзэж сонгуулийн хуульдаа тусгаж өгөх замаар төрийн албан хаагчдын улстөржилтийг зогсоох зайлшгүй шаадлагатай болсныг сүүлийн үеийн зарим үйл явдлууд харуулж байна. Иймээс цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Улсын Их Хурал энэ асуудал дээр хатуу зарчим барьж ажиллах ёстой гэлээ. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд ер нь цаашид төрийн албан хаагч улс төрд орох гэж байгаа бол энэ асуудлаа нэгмөсөн шийдээд тэр замаараа явдаг, харин төрд ажиллах хүсэлтэй бол өргөсөн тангарагтаа үнэнч байж чин шударгаар ажиллах зарчмыг Сонгуулийн тухай болон Төрийн албаны тухай хуульд суулгаж тов тодорхой болгож өгөх шаардлагатайг хэллээ.     

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. 

Иймээс энэ талаарх санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо. 


Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс