Өдгөө Улаанбаатар хотод хаягдал, бохир ус цэвэрлэх томоохон 12 цэвэрлэх байгууламж байна. Эдгээр байгууламж хоногт ойролцоогоор 160-170 мянган шоо метр бохир ус цэвэрлэн Туул голын усанд нийлүүлдэг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жил бүр нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт тогтмол хийдэг аж.
Тус газар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир уснаас 2017 оны 5, 11 дүгээр саруудад дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулан MNS 4943:2015 стандарттай харьцуулахад 5 дугаар сард хийсэн шинжилгээний дүнгээр химийн хэрэгцээт хүчилтөрөгч стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.6, жигнэгдэгч бодис 2.7 дахин их, 11 дүгээр сард авсан шинжилгээгээр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.9, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.5, жигнэгдэгч бодис 2.8 дахин их гарчээ.

Мөн арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх зориулалт бүхий “Харгиа” цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир уснаас дээжийг шинжлэхэд бохирдлын химийн үзүүлэлт болох биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 19, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 6.7, жигнэгдэгч бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6, хлорид зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их гарсан байна.