2015 онд гаргасан 99, 123 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай албан бичгийг Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг нарын хүмүүс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.

Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг "Засгийн газар Улсын Их Хурлаасаа давсан эрх эдэлж Дубайн гэрээг байгуулсан. Оюутолгойн өмчлөгч нь УИХ, эзэмшигч нь Засгийн газар. Гэтэл тухайн үеийн Засгийн газрын тэргүүн УИХ-аас зөвшөөрөл авч, мэдэгдэлгүйгээр Дубайд очоод энэ гэрээг байгуулах боломжийг олгочихсон байна. Мөн гэрээ байгуулах эсэх талаар нэг ч яамнаас, нэг ч санал аваагүй байна. Тус гэрээнээс болж Монгол Улс одоогоор 3 тэрбум ам.долларын хохирол амссан. Цаашдаа ч мөн хохирол амсахаар байна. Тиймээс бид  99, 123 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. 

Засгийн газар хуулиа мөрдөж шийдвэр гаргавал тус гэрээг цуцлах ёстой. Цуцлах ч байх гэж бид найдаж байна. Хэрэв хуулиа зөрчөөд цуцлаагүй тохиолдолд бид үргэлжлүүлэн хуулийн дагуу тэмцэх болно. Гэхдээ жагсаал цуглаанаар биш зөвхөн хуулийн дагуу холбогдох байгууллагуудад хандана.

Дубайн гэрээг цуцласан тохиолдолд Монгол Улс ямар ч хохирол хүлээхгүй. Эрх баригчид дураараа аашилж байгуулсан энэ мэт гэрээг одоо л эцэслэн таслахгүй бол Монголын баялаг ямар ч үнэгүй гадагшаа урссаар л байна. Үүний үр дүнд иргэд нь ядуу, ажилчид нь цалингаа голсон нөхцөл байдалтай буй юм. 

Тиймээс бидний энэхүү хууль ёсны үйл ажиллагааг иргэд олон нийт дэмжинэ гэж найдаж байна. Мөн нэмж хэлэхэд бидний энэ үйл ажиллагаанд улстөрийн ямар ч зорилго байхгүй. Бид зөвхөн улсынхаа, иргэдийнхээ төлөө дуугарч байна" хэмээн ярилаа.