НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил  Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын сайд нарын албан бус уулзалтад оролцож, үг хэлэв.

Уулзалтын үеэр төлөөлөгчид 25 жилийн хугацаанд Азид энх тайван, тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.

Мөн Ази тивд итгэлцэл, аюулгүй байдал, байгаль орчин, терроризм, хүний наймаа зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг харилцан ярилцаж шийдвэрлэхэд чухал үүрэг оролцоотой байж ирснийг тэмдэглэв. Цаашид бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчны хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллах нь чухал юм гэв.

Түүнчлэн гишүүн орнуудын зүгээс бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, соёл гээд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлж байв.