УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хянах "Түр хороо" байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Засгийн газар хуралдаан эрүүдэн шүүсэн бичлэгийг зөвшөөрөгдсөн хэмжээнд нь нууцаас гаргасан. Олон нийтэд хэзээ, ямар хэлбэрээр, яаж үзүүлэх вэ гэдэг дээр үзүүлж болно, болохгүй гэсэн маргаан нийтийн дунд байна. Үүнийг жич ярьж байгаад, Түр хороо байгуулагдвал ярих байх. Би олон нийтэд үзүүлэхэд гэмгүй, цагдаа, шийдвэр гүйцэтгэлийнхнийг том зааланд цуглуулж байгаад үзүүлээд, дахиж ийм зүйл хийгүй шүү гэдгийг хатуу анхааруулах шаардлагатай гэж бодож байгаа. 

Журмаараа бол энэ зүйл хурдан ойлгомжтой болсон учраас Ерөнхий прокурор юм уу, Дээд шүүхийн ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд, Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанд хэлэлцүүлээд, ял эдэлж байгаа хоёр хүнийг /Б.Содномдаржаа, Т.Чимгээ/ суллах бололцоо байгаа. Энийг хийлгэхгүй нэг ч гэсэн хоногийг хожих сонирхолтой хүмүүс байна. Дээд шүүхийн эрүүгийн танхимын 5 шүүгч ийм шийдвэр гаргасан. 

Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын хуучин удирдлагууд үүнд бүгдээрээ оролцчихсон учир замд нь ил, далд саад болоод болохгүй байна. Дээд шүүх, Прокурорынхан хурдан энэ саналаа тавиачээ. Би үүнийг өдөр бүр ярьж байгаа. Ойлгомжтой асуудал ш дээ. Ямар нэгэн шалтгаан заагаад хугацаа алдаад байх юм.

Уг нь бол гэмгүй хүнийг нэг минут ч саатуулж болдоггүй хуультай. Захиалагчийн талаар Ц.Амгаланбаатарын ярьсан бүх зүйл, мөнгөний талаарх асуудал ч таслан шийтгэх тогтоол дотор байна лээ. Гэсэн ч хүчингүй болгож хаячихаад шунахайн сэдэлтээр энэ гурван хүнд хүн алсан байна гээд захиалгаар ял өгчихсөн байгаа юм" хэмээлээ.