МАН-ын 28 дугаар Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Намын Их хурлын индэр дээрээс өнөөдөр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үгийг хүргэе.

Тэрээр "Сүүлийн хэдэн сар намын дотоод байдал амаргүй байгаа нь үнэн. Гэхдээ ийм нөхцөл байдал бий болгож, дутагдлаа ил тод ярьж, хариуцлага тооцож байж цаашаа явах шаардлага байсан. Алдаа дутагдлаас холдох, ардын эрх ашгийг дахин сэргээх, шинээр дахин төрөх шаардлага энэ намд байсан.

Нарийндаа өнгөрсөнд болсон үйл явдал  бол "шударга ёсны төлөөх ардын намын доторх ардын хувьсгал маягийн юм байсан" гэж би үзэж байна. Монгол Улс өнөөдөр шударга ёсны төлөөх занганд орсон. Худал хуурмагийн намагт живсэн. Ц.Элбэгдорж гэдэг хүний Монголд бий болгосон энэ хачин дэглэмийг нураах шаардлага байсан. Үүний төлөө би ч явж байгаа. Өнөөдөр өнгө мөнгөнд дөрлөгдсөн цөөхөн хүн Монголын хамаг баялгийг эрх мэдэл, албан тушаалын сүлжээгээр дамжуулж сорж байна. Үүнийг таслан зогсоох шаардлага байсан. Монголын ард түмний 70 жилийн хугацаанд босгосон цорын ганц үйлдвэрийг мөнгөтэй цөөхөн хүн намын нэрээр сүлбэлдэж  Төрийн өмнөөс далдуур хулгайлсан нь үнэн. 

Монголын хууль хяналтын байгууллага мөнгөтэй хүмүүст, тэдгээрийн сүлжээнд үйлчилдэг. Илэрхий хулгайн хэргийг харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг. Хүмүүсийг далдуур шийтгэдэг болсон. Үүнийг таслан зогсоох шаардлагатай. Үүнийг эсэргүүцэж зарим хүн дуугарч магадгүй. Энэ бол амь нас, нэр төр, амьдрал өрссөн тэмцэл юм.

Ийм бусармаг явдлаас салъя гэж МАН-ын гишүүд зүтгэж байна. Ингэж энэ хог новш, шударга бус явдал, хуйвалдааны хонгилоос гарахгүй бол энэ нам ч явахгүй, энэ улс ч явахгүй. Үүнийг л би энэ индэр дээрээс хэлэх гэсэн юм. 

Дэндүү шударга биш байна. Д.Лүндээжанцан бид хоёр хууль хяналтын байгууллагад ажиллаад 40-өөд жил болж байна. Гэм зэмгүй хүмүүсийг нууц шүүх хурлаар оруулж, далд аваачиж шийтгэдэг ийм балмад явдлыг би өмнө нь үзээгүй. Үүнийг л таслан зогсоох гэж өнөөдрийн энэ элдэв зүйл болж байгаа. Болохгүй зүйл болоод байна, үүнийгээ таслан зогсоогооч гэж зөндөө хэлсэн. Тоогоогүй. Тоогоогүй учраас өөр замаар явах өөр шийдвэр гаргах шаардлага тулгарсан юм" хэмээн мэдэгдлээ.