Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийн төрсөн дүү болох Ц.Батсүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын харьяа 127 метр квадрат бүхий таван өрөө байрыг 13 сая төгрөгөөр авч өгсөн талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. Уг асуудал дээр тэрбээр сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрбээр,

"2008 онд төрийн албан хаагч, шийдвэр гүйцэтгэхийн ажилтнуудад үнэгүй байр олгосон. Хөрөнгөө босгохын тулд заримыг нь зарсан. Зарагдсан байрнаас миний жолооч дүү 45 сая төгрөгөөр байр худалдан авсан юм. Үнэн нь энэ. Сүүлд нь АТГ-д шалгагдаад бүх баримтыг нь холбогдох газраас нь аваад хэргийн ямар ч шинж байхгүй гээд хаачихсан асуудал. Ц.Элбэгдоржийн сайт л энэ талаар мэдээлсэн гэж би ойлгосон.13 гэдэг чинь зориуд үнийн дүнг багасгаж олон нийтийн дургүйцлийг төрүүлэх явуулга юм. Намайг 17 байртай гээд л нэг хэсэг гарсан даа. Миний эхнэр, хүүхэд тэр бүү хэл бурхан болсон хөгшчүүлийн хөрөнгө данс руу хүртэл орсон. Энэ бол тусгайд ажиллаж байсан сүлжээгээр хийсэн гүйцэтгэх ажиллагаа. Миний жолоочийн утсыг хүртэл чагнаж байсан удаа бий. Тэр 17 байр огт худлаа. Хотын төвд миний нэг байр байна, хүүхэд тус бүр нэг байртай, зусланд бид гурав тус тусдаа байртай. Энэ тухай хангалттай яригдсан. Нийт дүнгээрээ тийм л юм бий.  Огт байхгүй байр нэмсэн, бурхан болсон хүмүүсийн хоёр байрыг миний хүүхдүүд дээр нэмээд л байсан. Тэр бол зүгээр нэг хийсэн ажил биш, маш нарийн мэдээлэл олж авч байж, машины зогсоолыг хүртэл орон сууц гэж хүртэл бичиж байсан. Тэр дунд энэ байрны асуудал шалгагдаад дууссан” гэсэн юм.

Хамгийн сүүлд сэтгүүлч түүнээс өөрийнхөө байранд амьдарч байгаа юу гэсэн асуухад "Миний хаана амьдрах чамд ямар хамаатай юм" хэмээн хэгжүүн хариуллаа.