Түүнийг Ц.Нямгэрэл гэдэг. СТА, Улсын филармонийн саксофончин. Хүүхэд байхдаа дуу хөгжмийн багшийнхаа нөлөөгөөр үлээвэр хөгжимд татагдсан нэгэн. Саксофонийн хувьд интернэтээс л зургийг нь харж тоглож үзэхийг мөрөөджээ. Сургуулиа төгсөөд урилгаар Батлан хамгаалахын их сургуульд суралцаж мэргэшээд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын өнөр бүлд багтан 4 жил ажилласан. Дараа нь ХБК-ийн мэргэжлийн багшаар хүслэн болсон хөгжмөө төрөлжүүлэн заалгажээ. Сурч байхдаа хөгжмийн хүрээлэн Улсын филармонийн Баянмонгол чуулгын босгыг алхаж 6 дахь жилдээ ажиллаж буй. Тэрбээр тун удахгүй болох "City Swing” классик жазз тоглолтоо бэлдээд завгүй байхад нь цөөн хором ярилцлаа.

-Монголын уран бүтээлчдийн бүтээлийг тоглоход саксофон хөгжим тоглоход хэр тохиромжтой вэ?

-Би нэлээн хэдэн монгол уран бүтээлийг тоглож байсан. Саксофон хөгжим өөрөө маш сайхан сонсголонтой хөгжим. Жишээ нь “Ертөнц” цомогт багтсан “Салхи” гэдэг уран бүтээл дээр ажилласан. Сонсч үзээрэй, өвөрмөц хэрнээ сайхан сонсогдоно.

Зарим үзэгчид уран бүтээлийг анхны хувилбараар л сонсох гээд байдаг. Ер нь ямар хувилбараар тоглосон ч бай тухайн хүний өөрийн гэсэн илэрхийлэл, дотоод  гаргалгаа  нь өөр учраас түүнийг чөлөөтэй сэтгэн хүлээн аваасай гэж боддог.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл сургуулилт хийдэг вэ?

-Оюутан байхдаа олон цагийн бэлтгэл хийдэг байсан. Одоо дундажаар 2 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Сүүлийн үед “City Swing” классик жазз тоглолтоо хийх гээд нэлээн сууж байна. 

-Гадаадын саксофончдоос хэнийг хүндлэн биширч, үлгэр дуурайл авдаг вэ?

-Poul desmond гэж саксофончинг хүндэлдэг. Зохиолоо тоглож байхдаа өөрийн гэсэн тоглолтын өвөрмөц хэв маягтай. Түүний ялгарал, дотоод ертөнцөө илэрхийлэх арга нь бусдаас тэс өөр. Бас мундаг хөгжмийн зохиолч юм билээ.

-Яагаад саксофоныг сэтгэхүйн хөгжим гэдэг юм бэ?

-Хайрын эсвэл характертай хөгжим тоглохоос шалтгаалаад тухайн хүний мэдрэмж, дотоод ертөнц өөр өөр байдаг. Яг л тухайн сэдэвтээ 100 хувь төвлөрч, хөгжимдөө уусч шингэсэн тохиолдолд тухайн бүтээл амилдаг. Түүнээс биш хайрын тухай ая тоглож байж оройн хоолныхоо талаар бодоод байвал уран бүтээл гарахгүй биз дээ. /инээв/ Бас тоглож байгааг нь сонсоод тухайн уран бүтээлчийн ядарсан эсэх нь шууд мэдрэгддэг.

-Монголчууд жазз хөгжмийг хэр хүлээж авдаг вэ?

-Нэг үеэ бодвол энэ хөгжмийн талаар ойлголт сайжирч байна. Гэхдээ хангалттай түвшинд ойлгох болоогүй. Тоглолтын ойлгож мэдэрсэн эсэхийг нь алга ташилтаар нь мэдэж болно. Чин сэтгэлийн халуун алга ташилтаас бол уран бүтээлчид маш их урам зориг авдаг шүү.

-Өөрийн гэсэн карьерээ эхлүүлэх үү?

-Би энэ талаар нэлээн бодож байгаа. Уран бүтээлчийн хувьд бие даасан тоглолт, цомог гаргахыг хүсч мөрөөдөж явна. Би монгол хүн учраас тэр сэтгэлгээгээ шингээж энэ хөгжмөө тоглох дуртай. Яагаад гэвэл маш мундаг хөгжимчид бий, би хэчнээн хичээл, импераци гаргалаа тэднээс ялгарахгүй. Харин монгол сэтгэлгээ, монгол импераци хийж дэлхийд гарах боломж бий. Мэдээж урт хугацааны шаргуу бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй.

-Энэ хөгжмийг тоглосноос хойш амьдралдаа тохиолдсон хамгийн мартагдашгүй дурсамжаасаа хуваалцаач?

-Эхнэртэйгээ танилцсан маань юм уу даа. Батлан хамгаалахын их сургуульд сурч байхад манай ангийнхан шип ангитай болсон. Тэр үед шип ангийнхаа охиныг төгөлдөр хуур, саксофон тоглож байгаад найраад суучихсан. /инээв/

-Удахгүй тоглох “City Swing” классик жазз тоглолтынхоо онцлогоос сонирхуулаач?

-“City Swing” классик жазз тоглолт маань тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.  Энэ тоглолт дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн шилмэл бүтээлүүд болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг жазз хөгжимд хөрвүүлэн үзэгч сонсогчдод хүргэдгээрээ онцлогтой юм.

Тухайлбал 70-80-аад онд АНУ-д хит болж байсан уран бүтээлчийн поп, рок жааз төрлийн бүтээлүүдийг тоглоно. Өмнөх тоглолтоос ялгаатай нь тухайн хөгжимчний техник, өнгө аяс, уран чадварыг өөрийнхөө характертай нийлүүлж тоглох юм. Энэ жилийн тоглолтод Баянмонгол биг бэнд, удирдаач С.Саруул-Од /СТА/, Улсын филармонийн гоцлол дуучид оролцоно. Ерөнхийдөө хүний сэтгэл хөдөлгөж чадсан сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

Тэр саксофон хөгжмийнхөө тухай ярихдаа “Анх гоё дуугардаг хөгжим л гэж бодож ойлгож явсан. Харин одоо энэ зүгээр л нэг хөгжим биш бодол чөлөөт сэтгэлгээний хөгжим гэдгийг ойлгосон” гэв. Одоо барьж байгаа хөгжимтэйгээ тэр 20 гаруй жил нөхөрлөж яваа. “Нүүрээсээ ч илүү арчилж торддог, хайрлаж хамгаалдаг эд маань” хэмээн инээсээр үдлээ.