Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргээр "Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөө өглөө баривчлан, Эрүүгийн цагдаагийн албанд байцаалт авч эхэлсэн.

Тэгвэл дөнгөж сая түүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас авч явлаа. Одоогоор хаашаа явж буй нь тодорхойгүй байна.

Мөн өнөөдөр дээрх хэрэгтэй холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны захирал О.Орхон нарыг баривчлан байцааж буй бөгөөд одоогоор тэд Эрүүгийн цагдаагийн албанаас гарч ирээгүй байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэгт дээрх нэр бүхий 3 хүнийг авчран, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдэгдээд буй юм.