Берлин хотноо амьдардаг зураач Ц.Цацрал Монголын анхны үнэртэй усыг хийж, зах зээлд нийлүүлж эхэлжээ. Зураач бүсгүй хүүхэд байхдаа ээжийнхээ "Dior”-оос түрхэж анх үнэртэй усны ид шидийг мэдэрсэн ч хожим өөрийн нэрийн усаа гаргана гэж зүүдлээгүй аж. Дэлхийд ховор нандин үнэртний цуглуулгатай, сүрчигний талаар шүүмж бичдэг энэ бүсгүй төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн охин юм. Түүнтэй ярилцлаа.

-Аав ээжийн бас нялхсын үнэр. Үнэр тухайн хүнийхээ мэдээллийг агуулж байх шиг санагддаг. Ингэхэд таны хувьд үнэр гэж юу вэ?

-Үнэртэх мэдрэмж болон дурсамж хоёр тархинд яг зэргэлдээ оршдог. Тиймээс үнэр дурсамж үлдээж , дурсамж үнэрээр сэргэдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг бол үнэр юм шүү дээ. Сүрчиг гэгч хүний алжаалыг тайлж, дэлхийн хаашаа ч аялуулах увьдастай. “Shalimar” цацаад өөрийгөө энэтхэг гүнж гэж төсөөлөхтэй адилаар хэний ч дүрд дотроо хувирч болно.

-Өөрийн гэсэн сүрчигээ гаргая гэсэн санаагаа хэзээ олсон бэ?

-Өсвөр наснаасаа сүрчиг сонирхож цуглуулж ирсэн. Жаахан байхдаа үнэртэй усны гоё хоосон шил их цуглуулдаг байж билээ. Одоо үнэртэнд нь илүү татагддаг ч сүрчиг сонгохдоо шилний дизайнд бас их анхаарч авдаг. Энэ  хобби маань гүнзгийрээд мэргэжил болж байх шиг байна. Харин сүрчиг бүтээе гэсэн санаагаа дөрвөн жилийн өмнө олсон.

-Таны  сүрчгүүд тун увьдаслаг нэртэй юм билээ. Яагаад ийм нэрийг сонгосон юм бол?

-Увьдаслаг гэж хэлсэнд баярлалаа. Үнэрээ мэдэрч нэр өгөх, нэр санаагаа олчихоод сүрчигээ бүтээх хоёр өөр зүйл. Урландаа зургаа зурж байгаа мэт бодолдоо би сүрчигээ мөн зан чанараа ургуулан бодох дуртай. Сүрчиг бол хамранд зориулсан шүлэг болохоор нэр нь яруу тансаг байх хэрэгтэй гэж боддог.

“Цас чихэр” үнэртний хувьд дөнгөж орсон цасны сэргэг, сэрүүхэн мэдрэмжийг төрүүлэхүйц гэж болно. Толгой ноотууд нь жүрж, бергамот, чихэр бөгөөд зүрхэн ноотууд нь мэлрэг цэцэг, сарнай юм. Суурь ноотууд нь пачули, ветивер, ваниль, Цагаан заар байгаа. “Шамбалын орон” гэж нэрлэсэн учир нь хүнд ер бусын зүйлтэй учрах үе байдаг шүү дээ. Сахиусан тэнгэртэй учирсан мэт мэдрэмжийг санагдуулам. Үхлээс эргэн ирсэн хүмүүсийн дунд хэсэг зуур диваажинд очсон мэт мэдрэмж төрөхөд сарнай цэцэгсийн үнэр үнэртдэг гэж уншиж байсан юм

-Энэ жилдээ багтааж худалдаанд гаргана гэж байсан.  Худалдаанд гаргасан уу?

-Худалдаанд гаргачихсан. Энэ бизнест би ганцаараа бас хэрэглэгчдийн хүлээлт их, сэтгэгдэл өндөр байгаа учраас хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Сүрчиг маань тэр дороо дуусчих юм.

-Монголдоо үйлдвэрлэж байна уу, ямар үнэтэйгээр зах зээлд гаргасан бэ?

-Миний сүрчигэнд 50 мл eau de parfum буюу 24 хувь үнэт тос орсон. Анхнаасаа бодсон миний гол санаа бол Монголчуудад яг таалагдах, тогтоц сайтай, чанартай сүрчиг боломжит хамгийн бага үнээр  санал болгох. Бас эх орондоо бүгдийг нь хийх байлаа. Гэвч манайд үнэртний хайрцагны лац, боодол гээд бэрхшээлүүд тулгарсан. Сүрчигнийхээ түүхий эд боловсруулах ажлыг Берлинд хийсэн. Ирээдүйд эх орондоо боловсруулалтын ажлаа хийгээд, бүх юмаа хийдэг болох зорилт тавиад л байна. Үнийн хувьд Монголд эдийн засгийн байдал хэцүү хэвээрээ л байна шүү дээ. Одоогоор гарсан сүрчиг маань 65 мянган төгрөгийн үнэтэй. 

-Магадгүй үнэртэн сонгохдоо эргэлздэг бүсгүйчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Хүн эрч хүч, хайрыг мэдэрч өөрийн үнэрээ бий болгодог гэж боддог. Сүрчиг өөрөө хүний арьстай урвалд орж хүн болгон дээр өөр өөр үнэртдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Ер нь үнэртэн авахдаа эргэлзэж байгаа бол аваад хэрэггүй. Тэр тусмаа үнэртэхгүйгээр  сүрчин худалдан авах хэрэггүй гэж зөвлөнө. Манай үнэртэй усанд дурлагдсадын клуб хоорондоо дээжис солилцдог. Энэ бол өөртөө таарч тохирсон сүрчиг олох хамгийн шилдэг арга. Хобби нэгт хүмүүс төрөл садан мэт болдог

-Өөрөө хэр их үнэртэний цуглуулгатай вэ. Хэзээ ч гар татахгүй авдаг үнэртэн?

-Миний цуглуулгад 1000 гаруй үнэртэн бий. Цуглуулна гэдэг өөрийн хэрэгцээнээс ондоо зүйл л дээ. Үнэртэй усанд гүн дурлаж сонирхож байгаа учраас судлах хэрэгцээ шаардлагаас ийм  их цуглуулга үүсчихдэг. Эргэлзэхгүй авдаг сүрчиг гэж надад байхгүй. Авах болгондоо бөөн юм болно. Одоо туршлага суугаад  үнэртэй усыг үнэртэж үзэлгүй зөвхөн орц найрлага, тэмдэглэлийг нь уншаад авчихдаг болсон.

Ц.Цацралын лаборатори

-Үнэртэй усанд дурлагсдын группийн админ гэдгийг мэднэ. Ямар зорилгоор нээж байв?

-Энэ цахим групп маань “Үнэртэй Усанд Дурлагсдын Клуб” болтлоо өргөжсөн. Зорилго нь үнэртний соёлыг ойлгодог, цуглуулдаг сонирхол нэгтэй эгэл жирийн хүмүүс үнэртнээс авдаг таашаалаа бусадтай хуваалцах, нэгэндээ мэдээлэл ѳгѳх, солилцох. Мөн үнэртний соёлыг дэлгэрүүлэх явдал юм. “Үнэртэй ус сонирхогчдын групп”-д 110 мянга гаруй үнэртэнд дурлагч цугласан байдаг. Тэнд эмэгтэйчүүдийн үнэртний сонирхол, мэдрэмжийн тухай өдөр бүр бичигдэж, яригддаг болохоор үнэртэн гарган авахад минь маш их түлхэц болсон.

-Таныг үнэртэн усны талаар бичдэг гэж сонссон?. 

-Үнэртэй усны тухай бичиж эхэлсэн нь бусдын сүрчигний талаарх сэтгэгдэл унших дуртай байснаас үүдэлтэй. Гадаадын янз бүрийн хүмүүс над руу үнэртэй усны дээжээ илгээн тэр талаар бичүүлдэг. Сүүлийн үед завгүй учраас бичиж амжихгүй байна.

-Хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн сүрчиг?

-Ээжийн минь түрхдэг “Dior” брэндийн “Poison” гээд үнэртэй ус хамгийн тансаг, гайхалтай үнэр, мэдрэмж төрүүлж байлаа. Тэр усыг анх түрхэж үзээд л үнэртэй усны тухай ойлголт авч байсан. Мөн “Может быть” гээд үнэртэй ус байлаа. Тухайн үедээ бүсгүйчүүдийн дунд ид мода болж байсан үнэртэн.

Image caption

-Эх орноосоо  хол яваа хүний хувьд ямар үнэрийг илүү санадаг бол?

-Би агь, гангийн үнэрт дуртай. Бас Монголын талын үнэр....Хэзээ нэгэн цагт энэ үнэрийг заавал  сүрчигэндээ оруулна гэж боддог.

-Та бол төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн охин. Аавынхаа урланд орж гарсаар зураач болох сэдэл авсан уу эсвэл  өөрт чинь заяасан өгөгдөл гэж боддог уу?

-Аав минь маш бүтээлч бас сониуч хүн. Өөртөө хязгаар тавихгүй чөлөөтэй сэтгэхийг би ааваасаа сурсан. Намайг заавал зураач бол гэж хэлж байгаагүй ч зурсан бүтээлүүдээрээ намайг энэ мэргэжилд татсан.

-Уран зураг чинийхээр юу вэ, юутай зүйрлэх вэ?

-Уран зураг, урлаг бол нийгэмд зайлшгүй хэрэгтэй толь.

-Урландаа хэр их цагийг өнгөрүүлж байна, голдуу ямар сэдвээр зурах дуртай вэ?

-Өдрийн  ихэнх цагийг урландаа өнгөрүүлдэг. Үргэлж л хийх зүйл гарч ирж байдаг. Уйдах гэдгийг амралтын газар мэдэрдэг дээ. Далд ертөнц, шашин шүтлэг гэсэн сэдвээр зурах дуртай. Өмнө нь жендерийн асуудал оролцуулсан эмэгтэй хүнтэй, эсвэл эмэгтэй хүн амьтантай зурдаг байсан. Яагаад гэвэл амьтнаар хүний дотоод мөн чанарыг буюу нүдэнд харагдахгүй нуугдмал зан чанарыг сайн гаргаж болдог.

Ц.Цацралын сүрчигний цуглуулга

-Өөрийн нэрийн үнэртэнтэй боллоо, хүссэн мэргэжлээрээ ажиллаж байна. Одоо юу хийхийг хүсч байна вэ?

-Хүний хүсэл мөрөөдөл дундрах биш. Хиймээр зүйл зөндөө бий. Уртын дуу дуулж сурахыг, химийн мэдлэгээ сайжруулахыг, франц хэл сурахыг, монгол бичгээр калиграфи бичих, тайлан баланс хийх сурах гээд зөндөө хүсэл байна. Тэгээд уйтгартай юм шиг санагдвал бага насны мөрөөдлөө нэгжээп дараагийн төсөл прожектээ гаргаж ирэх болов уу.