БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар энэ жилээс эхлэн Олон улсын олимпиадад оролцож, амжилт үзүүлсэн сурагчдыг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон. 

Тус тушаалын дагуу өчигдөр Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид урамшуулал, батламжаа гардаж авлаа. Батламжийг БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, мэргэжилтэн Ц.Чимэдлхам нар гардуулан өглөө.

Өмнө нь Олон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан суралцагчдыг зарим жилд тэдний хүссэн их, дээд сургуульд шалгалтгүй элсүүлдэг байсан бол энэ жил Олон улсын Мэдээлэл зүй, Хими, Биологи, Математик, Физикийн олимпиадад түүхэн амжилт гаргасан сурагчид, мөн ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга болсон сурагчдыг нийт 34 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Олон улсын математикийн олимпиадад анх 1967 онд оролцож эхэлснээс хойшхи 49 жилийн хугацаанд энэ жил түүхэн дээд амжилтыг үзүүлээд байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд тогтмол оролцдог таван төрлөөр нийт дүнгээр алтан медаль 2, мөнгөн медаль 32, хүрэл медаль 93, тусгай байрын шагнал 86 удаа авч байсан бол энэ жил 20 гаруй хүүхэд Олон улсын олимпиадад оролцсноос 16 сурагч төрөл тус бүртээ медаль авч, байр эзлээд байна.

Ялангуяа Олон улсын математикийн олимпиадаар анх удаа багийн бүх гишүүд медаль хүртээд байна. Математикийн олимпиад Румын улсын Клуж-Напока хотод зохион байгуулагдсан бөгөөд 107 орны 594 суралцагч оролцсон юм. Химийн олимпиадад 95 орны 304, Мэдээлэл зүйн олимпиадад 87 орны 330, биологийн олимпиадад 70 орны 260, физикийн олимпиадад 90 орны 400 суралцагч оролцсноос монгол сурагчид бүх төрөлд медаль хүртсэн нь түүхэн дээд амжилт юм.

Энэ тухай БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ц.Чимэдлхам “Энэ жил Олон улсын олимпиад гурван онцлогтой боллоо. Юун түрүүн суралцагчид маань төрөл бүртээ медаль авч түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Хоёрдугаарт, өмнө нь олимпиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдийг мөнгөн шагналаар огт урамшуулж байгаагүй. Энэ жил анх удаа мөнгөн урамшуулал олгож байна. Гуравдугаарт, БСШУСЯ-наас анх удаа Олон улсын олимпиадад оролцож байгаа багуудын зардлыг бүрэн хэмжээгээр нь олгосон. Өмнө нь зардлын тодорхой хувийг нь олгодог байсан. Энэ жил өөрсдийнх нь төсөвлөж ирсэн зардлыг бүтэн олгож шуурхай зохицуулалт хийсэн нь амжилтад нөлөөлсөн гэсэн тайланг багш, суралцагчид маань өгөөд байна. 

Цаашид манай яамнаас Олон улсын олимпиадад оролцох зардлаас гадна эх орондоо суралцагчдын бэлтгэлийг өндөр хэмжээнд хангах зардлыг санхүүжүүлж дэмжих бодлого барьж байна” гэлээ.

Мөн энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өөрийн цахим хуудаснаа "Энэ жилээс Олон улсын олимпиадад оролцож амжилт үзүүлсэн сурагчдад мөнгөн урамшуулал олгож эхэлж байгаа. Өнөөдөр оюуны спортоор Олон улсын дэвжээнд өрсөлдөж байгаа энэ хүүхдүүд маргаашийн эх орны эзэд, дэлхийд Монголоо төлөөлөх, сурталчлах, алдаршуулах сэхээтнүүд, дэлхийн иргэд болох нь дамжиггүй. Тиймээс ч тэднийгээ төрөөс бодлогоор дэмжих ёстой гэдэг бодлогын үүднээс тушаал гаргаж, энэ жилээс эхлэн Олон улсын олимпиадад оролцох зардлыг 100% хувь яамнаас гаргаж өгснөөс гадна амжилт үзүүлсэн сурагчиддаа мөнгөн урамшуулал олгож эхэллээ.

Цаашид бэлтгэлийн зардал буюу багш нарыг дэмжиж, урамшуулах бодлого мөн барьж ажиллах болно. ОУ-ын олимпиадад оролцож амжилт үзүүлсэн хүүхдүүддээ баярлалаа.Улам их амжилт хүсье" хэмээн бичжээ.

Эх сурвалж: БСШУСЯ