БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа эрх мэдлээ ашиглаж 12 тэрбумын тендер завшсан талаарх мэдээлэл тарсан билээ. Тэгвэл уг асуудал дээр сайдын туслах М.Уранчимэг тайлбар хийжээ.

Сайд Ц.Цогзолмаа эрх мэдлээ ашиглаж 12 тэрбумын тендер завшсан юм шиг харагдуулах зорилготой, зохион байгуулалттай, төлбөртэй материал анх "Өнөөдөр" сонинд "ТӨЛБӨРТЭЙ НИЙТЛЭВ" гэсэн тайлбартайгаар гаргасан. Үргэлжлүүлж гаргасан сайтууд төлбөр авсан ч тийм нэгээхэн ч тайлбаргүй үнэхээр л Ц.Цогзолмаа сайд тендерээр 12 тэрбумыг завшчихсан мэт гаргасаар өдий хүрлээ.

Эрүүл ухаантай хүн энэ материалыг тогтоод уншвал хууль зөрчсөн юм байхгүй САНААТАЙ ГҮЙТГЭЛЭГ гэдгийг ойлгоно. Хаанаас, хэн явуулаад байгаа нь ч тодорхой. Яамны дотоод үйл ажиллагаатай холбоотой нууцын зэрэглэлд байхаар материалууд энд тууж яваа!

Төлбөртэй нийтлэлийн талаар тайлбар өгөх нь

“Өнөөдөр” сонины 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №224 дугаарт “Ц.ЦОГЗОЛМАА НЬ САЙД БОЛСНООР ӨӨРИЙНХӨӨ ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСИЙГ ТЕНДЕРТ ШАЛГАРУУЛСАН” хэмээх гарчигтай бүтэн нүүр материал /Төлбөртэй нийтлэв гэжээ/ болон нэр бүхий сайтуудад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тендер будлиантуулдаг гэсэн агуулгатай нийтлэлүүдийг өндөр төлбөр төлж, улс төрийн зорилгоор нийтлүүлэхдээ зориудаар хувь хүний болон төрийн захиргааны төв байгууллагын нэр хүндэд халдсан явдалд хариу тайлбар хүргэхийн ялдамд төрийн яамны дотоод үйл ажиллагаатай холбогдох тамга тэмдэгтээр баталгаажсан бичиг баримтыг хууль бусаар хувилж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ил гаргаж, цацаж Монгол улсын холбогдох хууль, журмыг зөрчиж буй үйлдлээ таслан зогсоохыг нэр бүхий этгээдүүдээс шаардаж байна.

Тайлбарлах нь:

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилга төслийн Монголын талын хөрөнгө оруулалт 2015-2017 онд 2,3 тэрбум төгрөгөөр батлагдсан боловч зарцуулагдаагүй юм.

Үүний дараа Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 31 дүгээр тэмдэглэлээр “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн цогцолборыг барьж ашиглалтад оруулахад шаардагдах Монголын талын төсвийг 14,3 тэрбум төгрөгөөр тогтоож 2018 оны төсөвт тусгаж санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан боловч 2018 оны улсын төсөвт уг төслийн Монголын талаас гарах төсөвт өртөгийг 12,9 тэрбум төгрөг болгон бууруулж, үүнээс 2018 онд санхүүжих дүнг 5,0 тэрбум төгрөгөөр баталсан.

Энэхүү ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан “Нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ыг баримтлан тендер шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ болон, өдөр тутмын сонингоор зарлаж, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагт нээсэн.

Тендерийн материалыг нээхэд зөвхөн “Эрдэнэт-Орчлон” ХХК тендерийн санал ирүүлсэн бөгөөд үнэлгээний хороо тус компанийн ирүүлсэн саналыг хянаж үзээд тендерийн шаардлагад нийцсэн гэж үзсэн тул гэрээ байгуулах мэдэгдлийг 2018 оны 7 дугаар сарын 19-нд тус компанид хүргүүлсэн.

“Эрдэнэт-Орчлон” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр буюу мэдэгдэл хүлээн авсанаас хойш 18 дахь өдөр гүйцэтгэлийн баталгааны мөнгийг холбогдох банкинд байршуулсан. Энэ нь “Тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 тоот тушаалаар батлагдсан жишиг баримт бичгийн “Шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг энэхүү мэдэгдэл хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор ирүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно” гэсэн хугацааны шаардлагыг хангасан тул гэрээг байгуулсан болно.

Энэхүү тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах үйл ажиллагаа нь Монгол улсын холбогдох хууль, дүрэм журмын дагуу явагдсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэхүү худалдан авах ажиллагаатай холбоотой гүтгэлгийн чанартай, төлбөртэй нийтлэлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж, яамны болон сайдын нэр хүндэд халдсан, яамны албан баримт бичгийг /Өнөөдөр сонинд 7 баримт, ikon.mn сайтад 4 баримт дурджээ/ хууль бусаар хувилж тараасан этгээдүүдийг зохих хууль, хүчний байгууллагуудад хандаж шалгуулах болно.