“Facebook” компанийн тэргүүн Марк Цукерберг Америкийн сонгуульд “ОХУ хөндлөнгөөс оролцсон” гэх дуулиан шуугиантай холбоотойгоор он гарснаас хойш 17.4 тэрбум ам.доллараа алдсаныг “Bloomberg Billionaires Index”-ийн /BBI/ мэдээлэл харуулжээ. 

Дээрх индексийг тэрбумтнуудын хувийг нь эзэмшдэг компаниудын хувьцааны үнэд үндэслэн гаргадаг байна. BBI -д дэлхийн хамгийн баян 500 хүнийг оруулдаг.

“Facebook” компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн арилжаа дуусахад 139.53 ам.доллараар унасан нь 2017 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод ханш болжээ. Ийнхүү Цукерберг нэг арилжааны үеэр 1.63 тэрбум ам.доллар алдсан байна. Одоо тэрбумтны хөрөнгө 55.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.

Хувьцааны үнэ ийнхүү буурсны улмаас Цукерберг жагсаалтын зургадугаарт орсон байна. Тэрбээр долдугаар сард “Amazon” компанийг хамтран эзэмшигч Жефф Безос, “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс хоёрын дараагаар манай гарагийн хамгийн баян гурван хүний тоонд багтаж байв. Долдугаар сарын эцсээр Цукербергийн хөрөнгө 86.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт Цукербергийн компани АНУ-ын сонгуульд “Орос хөндлөнгөөс оролцсон” гэх дуулиан шуугиантай холбоотойгоор дахин шүүмжлэлд өртсөн байна. Тухайлбал, “New York Times” сонинд гарсан нийтлэлд Цукерберг болон компанийн өөр нэг шилдэг менежер Шерил Сэндбергийг “Оросын хөндлөнгийн оролцооны талаар” дуугүй өнгөрүүлж байна гэж  буруутгажээ. 

2016 оны Америкийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг бие даасан тусгай прокурор Роберт Мюллер мөрдөн шалгаж байгаа юм. Сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэж буруутгасныг ОХУ удаа дараа няцаасан билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti