СОЧИ. /TASS/. Цөмийн зэвсэг хураах асуудлаар Москва болон Вашингтоны хооронд хийх хэлэлцээнд БНХАУ оролцох сонирхолгүй байна. Ийм мэдэгдлийг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой даваа гарагт уулзсаныхаа дараа хийжээ.


“Хятадын цөмийн зэвсэг нь батлан хамгаалах бодлогын ашиг сонирхолд нийцсэн хамгийн бага түвшинд тогтмол хадгалагдаж байгаа учир цөмийн зэвсэг хураах асуудлаар ОХУ болон АНУ-ын хооронд хийх хэлэлцээнд зайлшгүй нэгдэх шаардлагагүй гэж үзэж байна” гэж Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.


Энэ сэдвээр Москва болон Вашингтоны хооронд хийх хэлэлцээ нь дэлхийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж тэрбээр нэмж хэлжээ. “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнд ойрын хугацаанд эргэн нэгдэх, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээний хугацааг сунгах ОХУ-ын сонирхолд Америкийн тал хариу өгнө гэж бид найдаж байна” гэж Ван И цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг