Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн шөнө Индонезийн баруун нутгийн “Анак Кракатау” галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй цунамид өртсөн бүс нутгуудаас Индонезийн эрх баригчид 17 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Энэ тухай Индонезийн онцгой байдлын агентлагийн албан ёсны төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо Жакартад болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

“Гамшгийн хор уршгийг арилгаж, цунамид өртсөн байшин барилга, дэд бүтцийг сэргээн босгосны дараа хүмүүс байнгын оршин суудаг газар руу явж болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Үүний зэрэгцээ цунами дэгдсэн Зондын буланд цаг агаарын таагүй байдал үргэлжилсээр байгаа аж. Иймэрхүү нөхцөл байдал газар хөдлөлтийн идэвхжилийг үүсгэж, Анак-Кракатау галт уул дахин дэлбэрэхэд хүргэж болзошгүй байна гэж Индонезийн цаг уурын агентлаг мэдээлсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС