Грект гарсан ойн түймрийн улмаас 20 хүн амиа алдаад байгаа тухай тус улсын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ. Тус улсын эрх баригчид олон улсын байгууллагуудад хандан тусламж хүсээд байгаа юм байна.

Олон зуун гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд нийслэл Афин хотын ойролцоо амьдардаг хүмүүс гэр орноо орхин явахаас аргагүй болжээ. Сураггүй алга болоод байгаа 10 жуулчныг эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа аж. “Бид хүний хийж чадах бүх зүйлийг хийх болно” тус улсын ерөнхий сайд Алексис Ципрас сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ. Тэрбээр үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг зохицуулахын тулд Босни улсад хийх албан ёсны айлчлалаа цуцлаад байгаа юм.

Мягмар гарагийн өглөө засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Димитрис Цанакопулос амиа алдсан хүмүүсийн тоо 20 хүрээд байгааг албан ёсоор мэдээлжээ. Амиа алдагсдын олонхи нь Афин хотоос зүүн хойш 40 орчим километрийн зайд оршдог далайн эргийн "Мати" амралтын газрын ойролцоо боогдсон ба орон гэртээ болон машиндаа харамсалтайгаар амиа алдсан ажээ. Түүнчлэн 100 гаруй хүн бэртэж гэмтээд байгаагийн дунд бага насны 16 хүүхэд байгаа ба 11 хүний биеийн байдал хүнд байна гэж Д.Цанакопулос нэмж хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг