OХУ-ын Амар мужийн гурав дахь том хот болох Свободный хотын хоёр хэсгийг холбож байсан гүүр Транс Сибирийн зам дээр нурсан ослыг Амар мужийг хариуцсан ОХУ-ын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ачааны хамтаар нийт жин нь зөвшөөрөгдсөн 44 тонноос хэтэрсэн автомашин явсны улмаас гүүр нурсан гэж үзэж байгаа аж. “Урьдчилсан мэдээллээр,  гүүр нурсан шалтгаан ачааны автомашин даац хэтрүүлсэнтэй холбоотой" гэж Свободный хотын эрх баригчдын мэдээлэлд дурдсан байна.

Аравдугаар сарын 9-нд ОХУ-ын Амар мужийн гурав дахь том хот болох Свободный хотын хоёр хэсгийг холбож байсан гүүр нурсны улмаас тухайн үед гүүрээр явж байсан ачааны автомашины жолооч гэмтэж бэртэж, мөн Транс Сибирийн төмөр замаар явж байсан ачааны галт тэрэг эвдэрсэн байна.

Дээрх осол орон нутгийн цагаар 10 цаг 33 минутад болсон бөгөөд ослын газар Онцгой байдлын албаныхан, түргэн тусламж, Свободный хотын захиргааны төлөөлөгчид очжээ. Осолд орсон жолоочийг эмнэлэгт хүргэж, мэс засал хийсэн байна.

Бүс нутгийн хэмжээнд тогтоосон онцгой байдлын хүрээнд ослын газарт нурсан гүүрийг буулгах ажлыг эхлүүлжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг