Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт энэ сарын 12-нд усархаг аадар бороо орсны улмаас үер бууж, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон.

Ослын улмаас тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байсан ч холбогдох албаныхан болон төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж, өчигдөр оройноос хөдөлгөөнийг нээгээд буй юм. 

Үүнтэй холбоотойгоор Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Осолд өртсөн иргэд, төмөр замчдын эрүүл мэндэд учирсан хохиролыг барагдуулах, ашиглалтаас хасагдсан төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд болон сэргээн босгох үйл явцад гарсан зардлыг бууруулах" зорилгоор хандивын аянг эхлүүлжээ. 

Төмөр замчид тус аяны хүрээнд нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон байна.