Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны 69 жилийн ой, Монголын төмөр замчдын баярын өдөр тохиож байна.

Одоогоос 80 жилийн тэртээд буюу 1938 онд УБ-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй  нарийн төмөр зам тавигдаж уурын галт тэрэг явж эхэлсэн нь Монголын төмөр замын түүхийн эхлэлийг тавьжээ.
Монгол-Зөвлөлтийн хооронд байгуулсан 1946 оны гэрээгээр Наушка-Улаанбаатарыг холбосон 400 километр урт төмөр замыг 1949 онд, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замыг 1955 онд тус тус ашиглалтад оруулж байв.
Ингэснээр Ази болон европ тивийг холбосон Евразийн төмөр замын сүлжээний хамгийн дөт  зам болсон байдаг. 1949 оны 6 сарын 6-нд хийгдсэн хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах болж, Монголоос Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурсан байдаг. 1949 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 08.30 цагт анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болов. 1952 онд Зөвлөлт, Монгол, Хятадын гурвалсан хэлэлцээрт гарын үсэг зурсны үр дүнд 1956 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ  руу аялах  төмөр замын шууд харилцааг нээсэн юм. Түүнээс хойш Монгол улсын үйлдвэржилт бүтээн байгуулалтыг даган Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Багахангай-Багануур, Айраг-Бор-Өндөр, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулжээ.
1951 онд төмөр замын сургууль комбинат байгуулагдаж, улмаар 1953-1954 оны хичээлийн жилд Төмөр замын  техникум нээлтээ хийсэн. 1952-1957 онд 3500 шахам хүн төмөр замын мэргэжил эзэмшжээ. 1955 оны 12 дугаар сарын 31-нд “Улаанбаатар ба Замын-Үүдийн төмөр зам”-ыг нээх ёслол болж, 1956 оны 1 дүгээр сарын 1-нд Зөвлөлт, Монгол, Хятадын хооронд төмөр замын шууд харилцаа нээгдсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглажээ.
Ийнхүү 80 жилийн тэртээгээс Аж үйлдвэрийн комбинат-Төмрийн завод-Консул-Амгалан-Налайх гэсэн гарын таван хуруунд багтах хэдхэн өртөөтэй байсан Монголын төмөр зам өнөөдөр 78 өртөө, зөрлөг бүхий Ази, Европ тивийг холбосон 1950 км-ын урттай, орчин үеийн төмөр замын салбар болтлоо хөгжжээ. 




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг