Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулсан хүндэтгэлийн томоохон арга хэмжээнүүд Парис хотод болж байна. Арга хэмжээнүүдэд төр засгийн олон тэргүүн уригджээ. Энэ өдөр дэлхийн удирдагчид Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны санаачилсан Энх тайвны чуулга уулзалтад хүрэлцэн ирэх аж.

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулсан ёслолын арга хэмжээ Парисын Ялалтын хаалганы орчим орон нутгийн цагаар 11 цагт эхлэх аж. Тус арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Америйн төрийн тэргүүн Дональд Трамп, Германы канцлер Ангела Меркель, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг зэрэг 70 гаруй төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцох аж.

Ялалтын хаалганы ойролцоох ёслолын арга хэмжээ өндөрлөсний дараа дэлхийн удирдагчид Елисейн ордонд үдийн зоог барихаар явах аж. Энэ үеэр ерөнхийлөгч В.Путин болон Д.Трамп нар богино хугацаанд харилцан ярилцаж магадгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости