Ази, Номхон далайн бүс, тэр дундаа БНХАУ-ын төрийн албан хаагчдын гэр бүл, садан хамаатнуудад ажил олгож, хахуульдсан гэж АНУ-д үүсгэсэн эрүү, иргэний хэрэгт Кредит свис банкийг холбогдуулан, ойролцоогоор 77 сая ам.доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг хэргийг шүүхэд шилжүүлэлгүйгээр, АНУ-ын Хууль зүйн департаменттай тохиролцоо хийж, 47 сая ам.долларын торгуулийг Кредит свис банк төлөхөөр болжээ. Түүнчлэн АНУ-ын Үнэт цаас, арилжааны хорооны үүсгэсэн асуудалд бас 29 сая ам.доллар төлөх юм байна.

АНУ-ын эрх бүхий байгууллагын үзэж байгаагаар, Кредит свис банк 2007-2013 оны хооронд бизнестээ ашиг олох зорилгоор Хятадын төрийн албан хаагчдын хамаарал бүхий хүмүүсийг ажилд авч “Гадаадад үйлдэгдсэн хахуулийн эсрэг хууль”-ийг зөрчижээ.

Мөн ажилд орсон этгээдүүд нь банкны шаардлагыг бүрэн хангаагүй ба тэднийг ажилд авах шалгуур ердийн журмаар ч явагдаагүй аж. Ийм хууль бус тохиролцоо хийсэн гэдгээ банкны зүгээс хүлээн зөвшөөрч байгаагаа албан ёсоор өнгөрсөн сард мэдэгджээ.



Эх сурвалж: tps://www.iaac.mn