Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн улсын хэмжээнд зохион байгуулсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ”-ний дүн мэдээлэлтэй танилцлаа. 

Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн төрийн жинхэнэ 44576 албан хаагч хамрагдсан юм. Улсын хэмжээнд зохион байгуулсан төрийн жинхэнэ албан хаагчийн үнэлгээний дүнг ШУТИС -ийн Е-Нээлттэй институтээс танилцууллаа.

Үнэлгээгээр төрийн жинхэнэ албан хаагч нэг бүрийн хууль эрхзүйн болон мэдээллийн технологийн мэдлэгийг сорьсон бөгөөд эдгээр сорил олон улсын стандартад нийцсэн гэдгийг онцолж байлаа.
Төрийн жинхэнэ албан хаагчдын насны хувьд 30-40 насныхан хамгийн олон байгаа боловч хууль эрхзүйн сорилд 50-аас дээш насныхан бусдаасаа өндөр оноо авсан гэсэн дүн гарчээ.

Анх удаагаа улс орон даяар явагдсан төрийн жинхэнэ албан хаагчдын үнэлгээ нь Төрийн албаны тухай хууль шинэчлэн мөрдөгдөхийн өмнөхөн хийгдсэнээрээ онцлог. Цаашид судалгаа сургалтын хэрэгцээнд суурь болох төдийгүй төрийн жинхэнэ албан хаагчдад ямар төрлийн мэдлэг мэдээлэл олгох, мэргэшүүлэх шаардлагатайг харуулсан ач холбогдолтойг тодотголоо.