Төрийн банк банк өнөөдрөөс Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 12 хувь болгож бууруулав.

ХНХЯ болон ХААН банк, Төрийн банк хооронд байгуулсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах Санамж бичгийн хүрээнд иргэд 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийг 12 хувийн хүүтэй авах боломж бүрдсэн бөгөөд өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Өнөөдөр 10.00 цагт ХААН банк тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед Төрийн банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах шийдвэрийг албан ёсоор гаргаагүй байсан юм. Харин үдээс хойш Төрийн банк Санамж бичгээр хүлээсэн үүргээ албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.

Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас  сар бүр тэтгэвэр авч байгаа бөгөөд үүний 60 хувь буюу 230.8 мянган иргэн 680.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Тиймээс НДЕГ-аас Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 15 хувийн хүүтэйгээр олгох ажлыг өнгөрсөн оны нэг сард эхлүүлсэн. Энэ  хугацаанд 95 мянга 600 тэтгэвэр авагч 15 хувийн хүүтэй зээлийг 76,3 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь 18 хувьтай харьцуулахад 1.3 тэрбум төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн үзүүлэлт юм. 

Гэвч энэ төрлийн зээлийн хугацаа хэт богино тул иргэд банкны шаардлагыг төдийлөн хангахгүй байгаа юм. Тиймээс зээлийн хугацааг 12 сар болгож, хүүг мөн 3 хувиар бууруулав. Харин иргэд 12 сараас урт хугацаанд буюу 36 сар хүртэлх хугацаатай зээл авсан тохиолдолд 18 хувийн хүүтэй байх юм.

Эх сурвалж. Монцамэ агентлаг