“TУС солюшн" ХХК-ийн захирал, Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа. Бидний цуврал ярилцлагын энэ удаагийн сэдэв бол Үндсэн хууль. Тэрбээр залуу судлаачдын хамтаар “Үндсэн хуулийн үзэл баримтлалыг системийн загвар ашиглан шинжилж дүрслэх нь” судалгааг хийсэн юм.

Үндсэн хуульд өөрчлөлт хийж болно гэхдээ одоо өөрчлөлт хийх цаг нь мөн үү? 

Хорвоо дэлхий дээр мөнх зүйл гэж байдаг бол тэр нь өөрчлөлт юм.

Бидний хүрээлэн байгаа орчлон өөрчлөгдөхөөс гадна бид өөрсдөө ч өөрчлөгдөж байна. Цаг хугацааны эрхээр өтөлж хөгшрөх процесс явагдахаас гадна үзэж туулахын хэрээр үзэл баримтлал ч өөрчлөгддөг. Үндсэн хууль ч гэсэн өөрчилж болохгүй мөнхийн зүйл биш. Харин ямар  өөрчлөлтийг яаж хийх вэ гэдэг асуултуудад оновчтой хариултуудыг олж байж өөрчлөлтүүдийг хийвэл зохилтой. Үүний тулд мөн л одоогийн хуулийн чухам аль заалт, харилцан уялдаа нь болохгүй, гажуудуулаад байна вэ гэдгийг олж мэдэх чухал. Хаана ямар асуудал байгааг мэдэхгүйгээр Үндсэн хууль төдийгүй өөр юуг ч өөрчлөх боломжгүй шүү дээ. 

Зүйрлэвэл, хөдөө машинтайгаа давхиж явтал машиных нь арын хэсэгт ямар нэг  дуу орсны төлөө гэнэт зогсоод л машиныхаа  хойд талыг нь тэр чигээр нь өөрчилнө гээд зүтгээд байвал юу болох вэ?  Уг нь тэр дуу юунаас үүсээд байна вэ гэдгийг олж мэдэх, оношлох л чухал. Магадгүй тэр дуу машины урд талын дугуйнаас бүр эсвэл мотороос ч шалтгаалсан байж  болох. 

Нийгэм ч мөн ялгаагүй, хоорондоо нягт уялдаа шүтэлцээтэй, эд ангиуд буюу хүмүүсээс, тэдгээрийн хоорондын харилцаанаас бүрддэг тогтолцоо. Тэр тогтолцоог өөрчлөх гэж байгаа бол өнөөгийн олон асуудал, гажуудлууд чухам юунаас болж үүсээд байна вэ гэсэн суурь шалтгааныг зайлшгүй олж, таньж мэдэх хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хууль 6368 үгээс бүрддэг. Машинтай зүйрлэвэл 6368 эд ангитай гэсэн үг.  Эдгээр эд ангиуд нь хоорондоо бидний нүдэнд шууд харагдахгүй, гарт баригдахгүй  маш олон шүтэлцээнүүд буюу учир шалтгааны холбоосуудтай. Тэр холбоосуудыг  бүхэлд нь авч үзэж судалж байж сайн муу эсэхийг нь ярина. Тэгэхгүйгээр хэдхэн өгүүлбэрийг онилчихоод, болохгүй байна гэж таамаглан ганц хоёр ойлголтоор хам хум хийчих зүйл биш. Зарим улс төрчид Үндсэн хуулийн хэдхэн заалтыг бусдаас нь тусгаарлан шилж байгаад чухам тэдгээр заалтууд буруу учраас нийгэм тэр чигээрээ болохгүй гажуудаж  байна гэдэг. Үүний цаана өөрийнх нь эсвэл намынх нь явцуу эрх ашиг халхлагдаж нуугдах нь олонтаа. Иймээс л судалгаа шинжилгээтэйгээр, үндэслэлээ сайн гаргаж байж л Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. 


Үндсэн хуульд хийсэн системийн шинжилгээний дүн ямар гарсан бэ? Гажуудлуудыг үүсгээд байгаа шалтгаануудыг тогтоож чадав уу? 

Үндсэн хууль бол нийгмийн харилцааны суурь хэв шинжүүдийг тодорхойлсон баримт бичиг. Байшингаар бол суурь, даацын баганууд, дээвэр, зориулалтын суурь хэв хэмжээнүүдийг тодорхойлсон архитектурын цогц шийдэл юм. Суурь хэв шинжүүдийг тодорхойлоод зогсохгүй, тэдгээр хэв шинжүүдийг хооронд нь уялдуулсан шийдлүүд юм. Ийм суурь шийдлүүдийг өөрчлөхийн өмнө бид нийгмийн өмнө тулгараад байгаа олон асуудлыг үүсгээд байгаа шалтгаанууд нь  бидний мэдлэг чадвар уу?, Үндсэн хуулийн гажуудал уу?, Үндсэн хуулиасаа халиад давхичихсан бусад салбар хууль уу?, Улс нийгмээ хөгжүүлэхэд ухаан бодлоо уралдуулах ёстой улс төрийн намуудын чадвар дутсан уу, эсвэл тэдний зөрчилдөөнөөс улбаатай эсэхийг маш сайн судалж үзэх ёстой. Ийм зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн системийн шинжилгээний аргаар Үндсэн хуулийн үзэл баримтлалд системийн шинжилгээг хийж, шалтгааныг нь тодорхойлох оролдлогыг хийлээ. Судалгаандаа нийгмийн олон давхаргын төлөөлөл, судлаачдыг оролцуулсан. Харин  судалгаа эхлүүлэхээсээ өмнө төрийн байгууллагууд, улс төрийн намууд руу урилга илгээсэн ч тэдгээр байгууллагуудаас хэн нь ч оролцоогүй шүү.

Судалгааны үр дүнгээр манай Үндсэн хуулийн үзэл баримтлал нь  системийн суурь хэв шинжүүдийг 80-90 хувь хангаж байгаа нь харагдсан. Сайн үзүүлэлт байгаа биз.

Судалгаагаар олон сонирхолтой дүгнэлт гарсан. Жишээлбэл: ямартай ч нийгэм маань сайн ч бай, муу ч бай нэгдмэл зорилготой юм байна. Энэ зорилгоо Үндсэн хуулиараа тодорхойлж баталгаажуулчихсан юм байна. 

Манай Үндсэн хуулийн толгой хэсэгт "Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна" гээд заачихсан байгаа юм.

Манай нийгэм нэгдмэл зорилготойгоос гадна тэрхүү зорилгыг  нь нэг мөр ойлгож хэрэгжүүлэх логик шийдлийг бас агуулсан байдаг юм байна. Тэр хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм гэж юуг хэлэх вэ гэсэн тайлал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйл тэр чигээрээ байгаа юм. 16 дугаар зүйл нь дотроо 18 заалтууд болж задарч, тэдгээр заалт болгоноор иргэний эрхүүдийг нарийвчлан тодорхойлж өгсөн байна лээ. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэг ардчилсан нийгэм гэдэг нь иргэд эрхээ бүрэн эдэлж чаддаг нийгэм мөн гэдэг логик дүгнэлтэд хүрсэн. 17 дугаар зүйлээр иргэн бүр бусад иргэдийнхээ эрхийг хүндэтгэх үүрэг хүлээнэ гэдгийг заагаад өгчихсөн. Үүрэг хүлээж байж зорилго хэрэгждэг. Машины араа шүд болгон нь тодорхой үүрэг гүйцэтгэж, хоорондоо уялдаатай хөдөлж байж тухайн машин явдагтай адилтган төсөөлье. Хэрэв аль нэг арааных нь нэг шүд нь эвдэрчихвэл машин явж чадахгүй зогсоно оо доо. Үүнтэй ижил нийгэм урагшилж зорилгоо хэрэгжүүлэхэд иргэн, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, улс төрийн намууд бүгдээрээ үүрэг хүлээж оролцох ёстой. 

Үүний дотор Төрийн гүйцэтгэх үүргийг “Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гээд Үндсэн хуулийн 19.1 дүгээр зүйлээр тодорхойлсон байгаа юм. Нийгмээ, иргэнээ удирдах үүрэг байхгүй, харин иргэд эрхээ баталгаатай эдлэх нөхцлийг бүрдүүлэх буюу  үйлчлэх үүрэг хүлээсэн байгаа биз. Ингэхээр манай нийгэм чинь “тодорхой зорилготой, тэр зорилгоо хэрэгжүүлснээр  иргэн  бүр эрхээ баталгаатай эдэлдэг нийгэм байх ёстой” хэмээн манай Үндсэн хуулиар тогтоосон хэрэг. Бүхэлд нь авч үзвэл, манай нийгэм чинь иргэнийхээ эрхийг баталгаатай эдлүүлэх зорилготой, тэрхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд иргэн болон Төр нь үүрэг хүлээдэг тогтолцооны хэв шинжийг бүрэн агуулж байна гэдэг дүгнэлтэнд хүрээд байгаа. Судалгааныхаа үр дүнд үндэслээд дээрхи үзэл баримтлалыг бүхэлд нь ерөнхийлөн шингээсэн загварын дүрслэлийн хэлбэрт орууллаа. Ийм загвартай болсноор бид Үндсэн хуулийнхаа мөн чанарыг нэг мөр ойлгох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 


Үндсэн хуулийн өөрчлөлтийг хариуцаж байгаа ажлын хэсэг судалгаа тооцоо хийсэн юм уу? 

Миний ойлгосноор тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийх асуудлаар  судалгаа хийсэн юм билээ. Гэхдээ судалгаа гэдэг хэдэн хүнээс санал асуулга аваад л болчих зүйл биш. Учир нь судалгаанд хамрагдаж байгаа  хүн болгон тухайн асуудлаа  мэддэг эсэх нь эргэлзээтэй, судалгаанд хэрэглсэн арга нь үзэмжээс их хамаардаг. Өөрөө хэлбэл, нотлогдох өгөгдөл, мэдээлэл, онол дээр суурилаагүй гэсэн үг.  Уг нь бол  маш их өгөгдөл/датаг цуглуулах, тэдгээрийг боловсруулах хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал хэрэглэх учиртай. Ингэж судалгаа хийгээд зогсохгүй, судалгааныхаа үр дүнг нь дахин дахин шалгасан байх учиртай.

 

 

Өөрчлөх ёстой зүйлийн талаар танай судлагаагаар ямар чиглэл гарсан юм?   

Үндсэн хууль бол өөрөө дотроо маш олон ойлголтууд болон тэдгээрийн хоорондын логик хамаарлуудыг харгалзан тогттосон олон тооны  шийдлүүдийг агуулсан үзэл баримтлал юм. 

Гэтэл Үндсэн хуулийн үзэл баримтлал тун боломжийн байгаа юм бол яагаад манай нийгэм ийм олон асуудал, гажуудалтай учраад байна вэ гэдэг асуудал зүй есөөр урган гарч байгаа юм. Үүнд хариулт олох гэж оролдож манай судалгааны баг бүрэн хэмжээгээр биш ч гэсэн уг асуудал руу өнгийж үзлээ. 

Олон шалтгаан байж болох ч нийгэмд олон асуудал учруулж байгаа гэж баттай хэлж болох ганц хоер шалтгаануудыг олж тогтоосон шүү.  Үүний нэг нь Үндсэн хуульдаа төр нь иргэндээ үйлчилэх үүрэгтэй  гээд заачихсан байхад салбар хуулиуд дээр төр засаг нь нийгмээ удирдана гээд зааж Үндсэн хуулийнхаас үзэл баримтлалаас хадуураад давхичихсан явдал юм. Тухайлбал Ерөнхийлөгчийн тухай,  УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуулиудыг  уншаад үзээрэй. Эдгээр хуулиудад үүрэг гэдэг үгийг хайгаад ч олохгүй төдийгүй тэдгээр субьектүүд нь дандаа эрхтэй байхаар  заачихсан байдаг юм байна. Эрх гэдэг нь тухайн албан тушаалтан  эдэлж ч болно, эдлэхгүй байж ч болдог үйлдэл буюу тухайн албан тушаалтны үзэмжээс үлэмж хамааралтай үйлдлүүд  болчихоод байна. Бүүр инээдтэй, эмгэнэлтэй гэмээр нэг заалт байна. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх эрхтэй” гэж заажээ. Уг нь үүрэгтэй байх ёстой биз дээ. Их хурлын тухай хуулинд Их хурлын гишүүдэд хүлээлгэдэг үүрэг огт байхгүй  байгаагаас харахад манай Их хурлаас батлан гаргаж байгаа хуулиудын чанарыг таньж болно. Ерөнхийлөгчийн тухай хууль мөн л эрх дархаар дүүрэн. Гэхдээ энэ бол зориудаар хэн нэг хүний хийсэн санаатай ажиллагаа мөн гэж бодохгүй байна. Хуучин нийгмээс өвлөн авсан бидний сэтгэлгээ одоо болтол бидний оюун санааг эзэмдсээр байгаагийн гай. Улс орны хэмжээний ийм том асуудал хариуцаж байгаа хүнийг эрх дархтай байлгах ёстой гэж нийгмээрээ ойлгодог, хүлээн зөвшөөрдөг хуучин нийгмээс бидний өвлөсөн хэвшмэл ойлголтоо шууд хэрэглэчихсэн хэрэг.  Улс төрийн намууд нь ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна. Үүнээс болоод Монголын нийгэмд  үүрэг хүлээдэг цорын ганц субьект нь иргэд болчихсон. Монгол улс 600 гаруй хуультай. Нэг хуулийг нь дунджаар 100 заалттай гээд тооцвол иргэн бүр дунджаар 60 мянган үүрэг  хүлээж байна. Гэтэл УИХ, Ерөнхийлөгчийн тухай хуулиудыг  сөхөөд үүрэг гэдэг үгийг хайгаад үзээрэй. Түүгээр ч барахгүй дан эрх гэдэг үгийг ашиглах нь бүр багадаад байдаг бололтой, бүрэн эрхтэй гэж биччихээд байна шүү дээ. Тэгвэл дутуу үүрэг эсвэл бүрэн бус үүрэг гэж байж болох нь нээ гэдэг логик дүгнэлт рүү өөрийн эрхгүй түлхээд байгаа юм. Эрх бол үүрэг гэдэг ойлголтоос зарчмын том ялгаатай. Үүрэг гэдэг бол энгийнээр тухайн ажлыг, үйл ажиллагааг албан заавал гүйцэтгэхэд хэрэглэдэг албадлагын арга юм.  Үүрэг заавал хэрэгжиж байх ёстой, хэрэгжихгүй  бол системийн эргэх холбоогоор дамжуулаад  тухайн үүрэг гүйцэтгэгчид  хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.

Гэтэл ямар ч үүрэггүй субьектэд хариуцлага хүлээлгэж болох уу?  Хаана үүрэг хүлээдэггүй газар байна  тэнд залхуучууд, хүчирхийлэгчид, хатуухан хэлбэл эрүүгийн гэмт хэрэгтэнүүд    шургалж нуугддаг. Энгийнээр хэлбэл хуулиар тогтоосон эрх мэдэл, эрхээр өөрсдийгаа хуяглачихдаг гэсэн үг. Бүүр болохгүй болоод ирэхээрээ буруугнь  Үндсэн хууль руугаа  чихээд л...

Хэрвээ Үндсэн хуулиа өөрчлөе л гэж байгаа бол нэн тэргүүнд үүрэггүй субьектүүдийг үүрэгжүүлмээр байна. Тэр дундаа улс төрийн намуудад ч үүрэг хүлээлгэх ёстой. Манай өнөөгийн Үндсэн хуулийн нэн даруй засах ёстой сул тал  нь улс төрийн намуудад үүрэг хүлээлгэж өгөөгүйд байгаа юм. 

Үүрэг хүлээгээгүй улс төрийн намууд Монголын нийгмийг ганхуулагч нь болчихоод байгаа юм биш үү.  Гэтэл хөгжилтэй орнуудад төр засаг нь  бүгд үүрэг хүлээж байна. Хариуцлага хүлээдэггүй, үүрэггүй оролцогч тогтолцоонд орчихоороо системийг эвдэж гажуудуулдаг. Системийн онолоор тухайн системийн үйл ажиллагаанд оролцогч бүр үүрэг хүлээж байж зорилгоо хэрэгжүүлдэг гэж үздэг. Машин, цаг, ямар нэгэн өөр тоног төхөөрөмж дотор ямар нэгэн үүрэггүй, сул эрэг шураг, эд анги орчихлоо  гэж төсөөлөе. Үүний улмаас тухайн систем нь эхлээд буруу явна, яваандаа эвдэрч зогсоно оо доо, үүнтэй л ижил. Үүрэг ярихаар эрх нь хаана байна аа гэж зарим хүмүүс асуудаг. Үнэндээ хүмүүс бие биенийхээ өмнө тодорхой үүргүүдийг хүлээж хэрэгжүүлснээр та бидний эрх баталгаатай болдог хэрэг. Түүнээс хуулинд ийм эрхтэй, тийм эрхтэй гэж бичсэнээр таны эрх баталгаатай болж байна гэсэн үг биш... Үүнийг бид сайтар ойлгох хэрэгтэй. Орь ганцаараа арал дээр амьдарч байгаа Робинзон Крузо ганцаараа байхад түүнд ямар ч эрх байхгүй, бас үүрэг байхгүй. Учир нь тэр ганцаараа байгаа. Харин Баасан хэмээх хоёрдахь хамтран амьдрах хүн гарч ирсэнээр Робинзон Баасан хоёр харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээснээр тэдний эрхүүд үүсэж, улмаар баталгааждаг гэсэн үг.  Баасангаа махчин аймгийн дайчдаас хамгаалан Робинзон тулалддаг хэсгийг зарим уншигчид санаж байгаа байлгүй.  

Нийгмийг зүйрлэж хэлбэл, бид дотор нь амьдарч байгаа байшин юм. Энэ байшингаа өндөрлөх үү, өрөөг нь олон болгох уу, зарим ханыг нь нураах уу, яах вэ гэдэг шийдвэр гаргах шаардлагатай тулгарах бүр бид тухайн байшинд амьдарсан бүхий л хугацаанд тухайн байшингийн хийц, шийдэл болгоноос улбаалан тулгарсан бүтэлгүйтэл, алдаа, тав тух алдагдсан тохиолдол болгоноо шинжилдэг. Тэгэж асуудлыг үүсгэж байгаа суурь шалтгааныг олж таньж мэдэхгүйгээр байшиндаа ямар нэг засвар, өөрчлөлтийг хийдэггүй шүү дээ. Гэтэл бид олон олон тулгамдсан асуудалд бодитой шинжилгээ, судалгаагүй хийхгүйгээр  дүгнэлтүүдийг  баруун солгойгүй хийж, түүн дээрээ үндэслэн шийдвэр гаргаж байна. Эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд зайлшгүй хийгддэг танин мэдэх шат дамжилгыг алгасаад байна гэсэн үг. Ингээд өөрийнх нь буруу дүгнэлт, шийдвэрээс үүдэн сөрөг үр дагавар бий болчихоор тэд өөрсдийнхөө сэтгэлгээний цэгцгүй байдал, мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөхгүйгээр бурууг бусад руу чихчихдэг. Тэр болохгүй гэж буруутгадаг зүйлийн нэг нь Үндсэн хууль болчих вий.


Өөрчлөлтийг хийх ТӨГС тохиромжтой ЦАГ ҮЕ гэж байдаг уу? 

Хүн юм бүхнийг мэддэг болсныхоо дараа аливаа өөрчлөлтийг  хийнэ гэж хүлээвэл нас хүрэхгүй. Мэдлэгт хэмжээ хязгаар гэж байдаггүйгээс үүдэлтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэн, хэзээ, хэрхэн хийх асуудлаар хүмүүс янз бүрээр ярьж байна. Парламентийн түүхэн дэх хамгийн нэр хүнд муутай УИХ-тай учраас дараагийн мундаг парламент нь бүрдэхээр хамгийн төгс хувилбараар өөрчлөнө гэдэгтэй үнэндээ би санал нийлдэггүй. Өнөөдрийн УИХ бол манай нийгмийн л төлөөлөл. Бага их хэмжээгээр алдаж онож яваа. Алдаа гаргах ёсгүй мэтээр зарим нь ярих юм, гэтэл алдаа гээч юм чинь заавал гарна. Учир нь хичнээн ухаантай хүн байлаа ч бүхнийг мэддэг, төгс төгөлдөр хүн гэж байдаггүй  шүү дээ. Тийм учраас алдаа гарна гэж тооцоод, харин  алдааг яагаад гаргав гэдэг шалтгааныг нь оношлох, дахин тийм алдаа гаргахгүй байх  аргатай л болчихсон байх хэрэгтэй. Ийм бодит байдлыг  ойлгохгүйгээр бүгдийг мэддэг мэтээр бүх юм руу орж ярьдаг хүн зөндөө, тэр дундаа улс төрчид энэ тал дээрээ бүр гаргуун болчихсон байна шүү. Ингэж мэддэггүй хэрнээ мэдэмхийрч байснаас алдаа гарангуут тэр дор нь шалтгааныг нь олоод засдаг тогтолцоог шийдлийг хөгжүүлж ашигладаг болмоор байна. Тэгвэл алдаа бол айдас төрүүлдэг гамшиг биш харин амжилтад хөтлөх гишгүүр болно.

Тийм шийдлийг бий болгох эхний алхам бол манай нийгмийн суурь хэв шинжүүдиин талаар бидний ойлголтуудыг нэгтгэдэг загварыг бий болгох хэрэгтэй юм билээ. Тийм ч учраас бид судлаачдынхаа нөр их хөдөлмөрөөр “Хэт 16” гэдэг загварыг Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал дээр суурилж гаргасан. Мэдээж энэ бол төгс төгөлдөр хувилбар биш. Гэхдээ ийм загвараа тойруулаад шүүмжлээд, өөрчлөөд сайжрүүлаад байх боломжтой болох юм. Ингэж төгс төгөлдөр биш ч гэсэн ямар нэг нэгдмэл загвартай байх нь огт загваргүй явж байснаас хавьгүй дээр. Тэгээгүй цагт Үндсэн хуулийн 6368 үг болгон хүн бүрийн толгойд өөр өөрөөр төсөөлөгдөж бууна шүү дээ. Ингээд л хоорондоо зөрчилдөж эхэлдэг. Тэгэхээр нийгмийн дунд зөвшилцлийг бий болгох цорын ганц хэрэгсэл бол загварыг дүрслэн бий болгож ашиглах арга  юм.

Системийн инженерчлэлийн ухаан бол хүний нийгэмд тулгарч байгаа асуудлууд тэр дундаа олон оролцогчтой, олон хүчин зүйлийн нөлөөлөлд автагддаг, төвөгтэй асуудлуудыг  шийдвэрлэдэг  цорын ганц арга гэж хүлээн зөвшөөрөгддөг. Тиймээс ч системийн сэтгэлгээний аргын  хэрэглээ нь хүн төрөлхтөний амьдралын бүхий л салбарт өргөн түгчихлээ. Харин бид бэлэнчилдэг, ерөнхийлдөг, мэдэмхийрдэг сэтгэлгээнээсээ аль болох хурдан салах хэрэгтэй байна даа...