Аймгууд хадлангийнхаа дийлэнхийг наймдугаар сардаа багтаан авдаг. Наймдугаар сарын 1-ний байдлаар Баян-Өлгий зэрэг зарим аймгийн иргэд хадлангаа авч эхэлжээ. Тус аймаг энэ онд 62800 тонн өвс, 6670 тонн гар тэжээл, 7345,3 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөн баталсан байна. Харин Ховд аймгийн тухайд зуншлага оройтож болсонтой холбогдуулан хадлан хадах хугацааг 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зохион байгуулах юм.

ХХААХҮЯ-аас хадлан, тэжээлээ амжилттай авч, өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахын тулд орон нутаг дахь улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газраас хадлан хадах, өвөл, хавар отор нүүдэл хийх тухай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газраас авахыг Аймгийн Засаг дарга нарт зөвлөж байна. Мөн аймаг, сум, багийн түвшинд бэлчээр ашиглалтын хуваарилалт, хязгаарлалт, худгийн ашиглалт, хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх, тэжээл бэлтгэх зэрэг ажлыг нягт уялдаатай зохион байгуулах ажлыг аймгийн Засаг даргын тамгын газар хариуцах юм.

Түүнчлэн алчид, мал бүхий иргэдийн тухайд өвөлжих, хаваржих бэлчээрийн малдаа зориулж, өөрсдийн хүч боломжоороо хадлан, тэжээл бэлтгэн, малаа ус, хашаа байраар хангаж, байгалийн болзошгүй эрсдэлээс хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Малын арчилгаа, маллагаандаа онцгой анхаарч, тэжээллэгийн технологийг мөрдөж ажиллахыг яамнаас уриалжээ.