Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсээр байгаа нь төсвийн төлөвлөлт буруу хийгдсэн, төсөл арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлээгүй зэрэг учир дутагдалтай олон зүйл байна гэв. 

Мөн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэх, үр ашиггүй зарим зардлыг бууруулах замаар нэмэлт эх үүсвэр гаргаж нийслэл, орон нутагт тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэх саналын томъёоллыг бэлтгэсэн байна.

Сангийн сайдын багцын эргэж төлөгдөх зээлийг 98.7 тэрбум төгрөгөөр, Сангийн сайдын багцын гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 111.084 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5,3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэрээр 2020 онд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Хавдрын эрт илрүүлгийг зохион байгуулахад зориулж, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын тусгай зориулалтын шилжүүлгийн зардлыг 4 тэрбум төгрөгөөр, Хавдар судлалын үндэсний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын урсгал зардлыг 6.7 тэрбум төгрөгөөр, гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 2 тэрбум төгрөг, улаан буудайн үрийн нөөц бүрдүүлэх чиглэлд 5 тэрбум төгрөг тус тус нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Сангийн сайдын багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, моргейжийн зээлийн хүүгийн татаасыг мөн дүнгээр нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хууль тогтоомжоор хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлыг үндэслэлгүй бууруулснаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэл тулгарсан төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн багц дахь урсгал зардлыг өнгөрсөн оны түвшинд барьж, төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нийт 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг боловсруулсан байна. 

Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны дарга З.Нарантуяа:

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2020 онд 11,797.8 тэрбум төгрөг байхаар 2019 оны батлагдсан төсвөөс 2,121.4 тэрбум төгрөг буюу 21.9 хувиар, харин нэгдсэн төсвийн нийт зарлагыг 13,872.6 тэрбум төгрөгт хүргэж 2019 оны батлагдсан төсвөөс 2,283.5 тэрбум төгрөг буюу 19.7 хувиар тус тус нэмэгдэхээр төлөвлөснөөр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2,074.7 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын дээд түвшинд тулган тооцоолжээ.

Мөн Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу төсвийн зарлагыг 500 тэрбум төгрөгөөс 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг багасгах бүрэн боломж байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэв.

 Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авсны дараагаар ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулах саналтай хамт гаргах саналууд, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2020 онд санхүүжих дүнг тус тус 6,455.5 сая төгрөгөөр бууруулж, уг эх үүсвэрээр урд онуудад хэрэгжиж эхэлсэн нийт 7 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцож, Барилга, хот байгуулалтын сайдын багцад нэмж тусгах нь зүйтэй хэмээн гишүүд дэмжсэн. Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.