Дэлхийн түүхийг өөрчилсөн алдартай, хүчирхэг үгс бий. Зарим үг, өгүүлбэр нь дэлхийн дайныг ч эхлүүлж, хүмүүнлэг ёсыг ор мөргүй алга болгосон байхад зарим нь нийгмийн шинэчлэлийг бий болгож, олон сая хүний амийг ч аварсан байдаг. Зарим нь ирээдүйн шинэ үед шинэ зам бий болгосон. 

Тэгвэл дэлхийг өөрчилсөн гайхалтай 4 өгүүлбэрийг хүргэж байна.

1. Хөдөлж байна!  /Галилео Галилей/

Зуун жил тутамд хүн төрөлхтний түүхийг гуравхан үгээр өөрчлөх эрхэм төрсөн. Тэдний нэг бол Италийн физикч, математикч Галилео Галилей юм. Тэрээр нар, огторгуйн эрхсүүдийн хөдөлгөөний талаар өөр үзэлтэй байсан. Тухайн үед сүм, шашныхан нар болон бусад гараг эрхсүүд дэлхийг тойрон эргэдэг гэж үздэг байв. 

“Хөдөлж байна!” гэдэг үгийг сүүлд зурган дээрээс олсон байна. Энэ үгийг Галилео хэлсэн эсэх нь тодорхойгүй байдаг ч, түүний амьдарч байсан цаг үе, үзэл бодолтой тохирдог аж. Галилей хүнд цаг үед амьдарч байсан ч өнөөдөр түүнийг хүн төрөлхтөн орчин үеийн физикийн эцэг, орчин үеийн шинжлэх ухаан болон одон орон судлалын эцэг гэдэг.

2. Ажилчин анги гинжнээс өөр алдах зүйл үгүй. Тэдэнд ялах ертөнц бий. Бүх дэлхийн ажилчдаа нэгдээрэй! /Карл Маркс, Фредрих Энгельс/

Германы хоёр сэхээтэн эдгээр үгээр коммунизмыг сэргээсэн. Ажилчин анги нь капиталист Европт ялгаварлан гадуурхагдаж, хөдөлмөрөө шулуулж олон жил зүдэрсэн. 

Бизнесмен, худалдаачид, банкерууд, үйлдвэрийн эздээс бүрдсэн баячуудын ангийхан тэдэнд хүний дааж чадахгүй ажлыг даалгадаг байсан. Дээрх үг нь коммунизмын тунхаг болж, капитализмын суурийг ганхуулж, нийгмийн шинэ засаглалыг авчирсан.

3. Би хүн бүр ижил боломжтой, сайн сайхан амьдрах эрх чөлөөт, ардчилсан нийгмийн үзэл санааг биширдэг. Энэ бол миний амьдралын зүтгэл юм. Энэ үзэл санааны төлөө би үхэхэд ч бэлэн. /Нелсон Мандела/

Манделагийн манлайлал дор Африкийн үндэсний конгрес хэд хэдэн өөрчлөлтийг бий болгож байсан. Нелсон Мандела нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хөдөлгөөний эсрэг нүүр царай байсан. Тэд "Хар арьст нийгэмлэг"-ийг цагаан засгийн газрын дарангуйллын эсрэг нэгтгэж чадсан. Түүнийхээ төлөө ч өндөр төлбөр төлсөн. 

Манделагийн дээрх үгс хэдэн сая хүнийг урамшуулж, шинэ амьдрал, аз жаргалын эрэлд хөтлөсөн. Өнөөдөр ч энэ үгийг улс төр, нийгмийн хүрээнд “шинийг эхлүүлэх” бэлгэ тэмдэг болгон ашигладаг.

4. Ноён Горбачев, энэ ханаа нураа! /Роналд Реаган/

Энэ үгс нь Баруун, Зүүн Германы хана нураах тухай байсан ч Хүйтэн дайныг төгсгөх алдарт үг болсон юм. Реаган энэ алдартай үгээ 1987 оны 6 дугаар сарын 12-нд Берлиний ханын ойролцоо Брендэнбург хаалган дээр тавьж байсан. 

Реаганы дээрх үгс Берлиний хана нурахад шууд нөлөө үзүүлээгүй ч, түүний энэ үг зүүн Берлинчүүдиийг сэргээсэн гэж улс төрийн олон шинжээч үздэг.