НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.

Тус хурлаар Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, Бээжингийн гудамжнаас Болгарын гудамж хүртэлх буюу Усан спорт сургалтын төвийн урд хэсгийг Улаанбаатар хотын анхны ерөнхий архитектор Б.Чимэдийн нэрээр нэрлэхээр болов. 

Улаанбаатар хотын анхны архитектор Б.Чимэд агсны мэндэлсний 100 жилийн ойг ирэх сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тушаал БХБ-ын сайд гаргажээ. Монголын архитекторын эвлэлийнхэн үүнтэй холбогдуулан тухайн гудамжийг Б.Чимэд агсны нэрээр нэрлэх санал ирүүлсэн аж. Сонирхуулахад, Б.Чимэд агсан Улсын драмын театр, МҮЭ-ийн ордон, Залуучуудын ордон, "Улаанбаатар" зочид буудал, Дархан хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг 93 барилгын зураг төслийг боловсруулсан байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2012 онд захирамж гаргаж, дүүргийнхээ XIX хорооны нутаг, Дээд салхитын аманд дахь 8.9 га газрыг тусгай хамгаалалтад авчээ. Түүнээс хойш 4.4 га-д нь цэцэрлэгт хүрээлэн байгуулан ойжуулаад, улсын төсвийн хөрөнгөөр 380 кВт-ын цахилгааны шугам татаж, усалгааны системтэй болгосон байна. Дүүргийн ИТХ хуралдаж "Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн" хэмээн нэрлэх санал гарган шийдвэрлүүлэх хүсэлтийг НИТХ-ын Тэргүүлэгчидэд хандан ирүүлжээ.

Тиймээс мөн өчигдрийн хуралдаанаар тус шинэ цэцэрлэгт хүрээлэнг "Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн" хэмээн нэршүүлэхээр болж, нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. 

Энэ үеэр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга "Хот, хорооллын зэрэгтэй болон цэцэрлэгт гудамжийг нэршүүлж болно. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар дээрх ажлын хэсэг хаягжуулалт, бүртгэлийг нягталж, нэгдсэн системд холбохоор ажиллаж байгаа. Одоогоор нийслэлд нэрлээгүй 60 гаруй гудамж бий. Тэргүүлэгчдийн хэлсэн саналыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана" гэв.


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ