"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр шалгалт орууллаа.

Энэ үеэр МХЕГ-аас "Сүүлийн 5 жилийн хугацаанд "УБТЗ" ХНН-т шалгалт хийгээгүй. Мөн сүүлийн 2 жил осол аваар их гарсан. Эдгээр нь шалгалт хийх ёстой болсны томоохон дохио бөгөөд эрсдэл асар өндөр буйгийн илэрхийлэл юм. Өнгөрсөн жил гэхэд 62 осол гарсан байна. Тэдгээрийн 22 нь үйлдвэрийн осол, 40-ийг нь үйлдвэрийн бус осолд тооцсон байна. Үүний ард 40 хүний ажил, амьдрал явж байна гэх зэрэг мэдээллүүд бидэнд ирж байна. Тэгээд бид шалгалтаа төлөвлөөд, шалгая гэсэн. Гэтэл тус нийгэмлэгийн дарга оруулахгүй гэсэн бичиг 2 удаа ирүүлсэн. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт үүсээд 85 жил болж байна. Түүхэндээ бид анх удаа ийм хариулт авлаа. Тус хариу албан бичиг "Энэ бол Орос, Монголын хамтарсан нийгэмлэг. Тийм учраас Оросын талаас зөвшөөрөл авахгүй бол шалгалт оруулахгүй" гэсэн. Тэгэхээр нь бид ЗТХЯ-нд хандаж, яам зөвшөөрснөөр шалгалт орохоор боллоо. Өнөөдөр Д.Жигжиднямаа даргатай уулзахад "шалгалт оруулъя, гэхдээ санхүүгээ шалгуулахгүй" гэж байна. Үүнийг би ойлгохгүй байна. Үүнийхээ үндэслэлийг 2 улсын хамтарсан нийгэмлэг учраас заавал 2 талаас хамтарсан шалгалт оруулна гэж тайлбарласан. Хамтарч шалгах нь тус байгууллагын дотоодын асуудал. Одоо бол Д.Жигжиднямаа даргын зөвшөөрлөөр манай шалгалт эхэлж байна. Гэхдээ санхүүг шалгахыг зөвшөөрсөнгүй" хэллээ.