Оросын ямар нэгэн хотын гудамжийг төмөр замын Соёлын төв ордны, магадгүй Улаанбаатарын хаа нэгтээгийн мартагдсан, орос ах нар барьж өгөөд бид хуучирч элэгдтэл нь эдэлсэн нэг барилгыг гоёмсог болгож янзлаад, цонхоор нь хараад суугаа ч юм шиг. Шоколадницагийн доторх цаанаа л нэг даруухан, дотно. Гаднын томоохон сүлжээ гэхэд хэт холын орчин угтсангүй нь сонин. Бидний дассан олон улсын сүлжээ ресторанууд шиг хана бүртээ төрөл бүрийн хэмжээтэй зураг өлгөж, тод, бараан өнгөөр будаагүй. 

Цөөн хэдэн хана дээр өлгөсөн нэг хэмжээний зургууд дунд Парис, Венец тэргүүтэй хотын уран барилгууд харагдана. “Оросын сүлжээ кофе шопд ямар хамааралтай билээ, би Санкт-Петербургийн Өвлийн ордныг, Нарвагийн Ялалтын их хаалгыг хармаар байна шдээ” гэсэн шиг элдэв бодол хоол хүлээх зуурт төрөх. Гэхдээ нээрээ яагаад ийм зураг өлгөсөн юм бол? Эзэн нь энэ газруудаар аялж ирээд өөрийнхөө зураг авах чадварыг харуулах гэв үү? Эсвэл Шоколадница энэ газруудад салбартай л болж таарах нь… хоол ч ирлээ.

Шоколадницаг манайд зүгээр л бэйкери, кофе шоп төдий л төсөөлдөг ч хоолны арвин их сонголттой юм. Шөл, паста, үндсэн хоол, бургер, сендвич, ороомог гээд олон үндэстний хоолтой. Урд минь Цагаан гаа лимонтой цай, Ницца салат, Бифштекс болон Бөөрөлзгөнөтэй блинчик, байна. Зөөгчийн санал болгосон “настоящий русский бифщтекс” авсан нь тэр.

Итали гаралтай салатаа Ницца гэж нэрлэж. Үнэ нь ₮8499, экстра амтанд дуртай хүмүүст зөвлөмөөр байна. Соус нь хурц амттай, нийт гурван хэрчим гахайн утсан маханд бяслагаа ороож хийсэн нь амандаа яах гэж бүхлээр нь хийв ээ гэж бодогдуулмаар. Тайлбар дээрээ зөгийн балын сүмстэй гэсэн боловч юу ч амтагдсангүй. Исгэлэн, гашуун байдлыг нь яг л шүдээ угаачихаад араас нь алим идэж байгаатай зүйрлэж болохоор.

Бифштексний махаа дутуу чанасан өндөг, шарсан төмс болон сүмсээр хачирласан. Миний авсан нь том биш, энгийн хэмжээтэй, үнэ нь ₮9,999. Мах нь зөөлөн амттай, сүмстэйгээ нийлмэгц эхэндээ шүүслэг, зөөлөн, хазах тусам барбекьюны амт амтагдана. Төмснийх нь зарим нь бага зэрэг түүхий, хатуу, зарим нь зөөлөн бутарсан байх нь орчинтойгоо яг таарсан гээд ёжилчихмоор. Даруухан орос маягийн ресторан, орчин үеийн хит дуунууд, ханан дээрх газар газрын зураг, европ, ази хоол, кофе, бялуу, нарийн боов, тал нь хатуу, тал нь хатуу төмс.

Шоколадницагийн хэрчим бялууны үнэ ₮4,000-аас эхэлдэг. Гэхдээ би тэндхийн хит бүтээгдэхүүн Бөөрөлзгөнөтэй блинчикийг захиаллаа. Орос бабушкагийн блинчикний амтыг дөхүүлж мэдрэх гэсэндээ тэр. Блинчик нь их зөөлхөн, кремтэй, бөөрөлзгөнийн сүмс, чанамалтай. Крем нь орос маягийн өег гэхээс илүү тараг, зайрмаг санагдуулам хөнгөн амттай. Гурилан торхтой хайлсан зайрмаг шиг гээд бүдүүлгээр базаад төсөөлөл өгчихөж болмоор. Амт нь сайхан, хэт нялуун биш, цаанаа л нэг час хийсэн, исгэлэн гоё амттай.

Уух юмны сонголт маш арвин. Кофе агуулсан бүх л төрлийн уух юм, лимонад, шэйк, смүүти, мөстэй цай, халуун цай гэх мэтээр үргэлжилнэ. Цай нь ₮2,500-аас эхэлнэ. Миний уусан Цагаан гаа, лимонтой цай нэг гүц нь ₮4500, эхний аяга нь яг таарсан сайхан амттай байсан ч хоёр дахь нь дэндүү өтгөрчихсөн, та гүцтэй цай авбал буцалсан ус нэмүүлж шингэрүүлээрэй.

Үйлчилгээ сайн, бас хурдан. Та анзаарсан бол миний гурван тавгийн дэргэд нэг л сэт ширээний хэрэгсэл байгаа. Энэ гурвыгаа идээрэй гээд нэг сэрээ, нэг хутга өгчихсөн нь инээдтэй ч юм шиг. Дараа нь хэлж байгаад хэрэгслээ нэмүүлсэн л дээ. Бусдаар бол Монголд мэргэжлийн хэмжээнд хөгжсөн үйлчилгээний хэлбэрийн талаар юу ярих билээ.