Өчигдөр дуусах байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоногоор сунгасан.

Хөл хориог үргэлжлүүлэн 12 хоногоор сунгах болсон шалтгаан нь цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаа, иргэдийн дунд коронавирусийн халдвараар өвчлөгчдийн нас баралт огцом нэмэгдсэн, вирусын мутацлагдсан хувилбар орж ирсэн байж болзошгүй нөхцөл үүссэн, ЭМЯ, эмнэлгийн байгууллага болон салбарын эрдэмтэн мэргэдийн хөл хорио сунгах саналд тулгуурлан шийдвэрлэсэн байна.

Энэ удаагийн хөл хориог үр дүнтэй болгох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, халдвар тархах эрсдэлийг бууруулах, вакцинжуулалтын ажлыг халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр эрчимтэй зохион байгуулахын тулд  өмнөх хөл хорионоос илүү хатуу чанд зохицуулалтыг хэрэгжүүлэхээр УОК-оос төлөвлөжээ.

Хөл хорионы өдрүүдэд зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтан албан хаагчид болон үйлчилгээ, хүнс тээврийн автомашиныг нийслэл хотод зорчих зөвшөөрлийг QR код хэлбэрээр олгоно.

Тус журам хэрэгжиж эхэлснээр QR кодоор 41.590 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор системд бүртгэгдсэн байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг 12 хоногийн турш 10 хувиас хэтрэхгүй байдлаар ажиллуулахаар төлөвлөсөн. 

Нэн шаардлагатай тохиолдолд тухайн салбарын сайдын болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн албан хүсэлтээр төрийн байгууллагуудад нэмж QR код олгохоор журамласан байна.

Хэрэв та үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтан бол QR код авах хүсэлтээ qr@gov.mn цахим хаягаар илгээнэ. Үүндээ хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар, ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг илгээж зөвшөөрөл авна. 

Зөвшөөрлөө www.smartcar.mn руу нэвтэрч хэвлэж авна. Өнөөдрөөс /2021.04.26-аас/ эхлэн бүх тээврийн хэрэгслийг QR кодоор зорчуулна.

Хөл хорионы өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд ажилдаа ирэх, буцах цагийг  /Өглөө 07:00-09:00, Орой 17:00-20:00/ байхаар тогтоосон. Өдрийн цагаар ажлын шаардлагаас бусад тохиолдолд зорчихыг хориглосон.  

Иргэдийн хувьд Эмнэлгийн зайлшгүй тусламж, үйлчилгээ авах, эмийн сан орох, үзлэгийн цаг авсан, жирэмсэн хүмүүс эмнэлгийн бичгээ үзүүлээд цаг харгалзахгүй зорчих боломжтой.

Түүнчлэн иргэд өмгөөлөл, нотариатаар үйлчлүүлэхдээ 10:00-16:00 цагт үйлчлүүлэх, Хүнс, ахуйн хэрэглээний бараа, түлш, зөөврийн ус авахдаа оршин суугаа хорооны болон хамгийн ойр хүнсний дэлгүүр, борлуулалтын цэг, худгаар үйлчлүүлэх, оршуулгын ажилд оролцох бол нийт 5 автомашин, 10 иргэнээс хэтрэхгүй байхаар журамлажээ.

Мөн хугацаанд иргэд:

  • халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, 
  • өрөө тасалгаандаа тогтмол цагуудад агаар сэлгэж байх, 
  • айлд зочлохгүй, зочин урихгүй байх, 
  • шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, 
  • гарсан тохиолдолд хүн хооронд 2 метрээс доошгүй зай барих, 
  • гэрийнхээ ойр орчмын 50 метрээс хол агаарлаж явахгүй байх,  
  • олон нийтийн газар очихгүй байх, 
  • мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг ягштал баримтлах, 
  • халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 100, 119, өрхийн эмнэлэгрүү утасдан мэдэгдэж, эмнэлзүйн заавар  утсаар зөвлөгөө авах зэрэг харилцааг түр журамд тусгасан байна.



Эх сурвалж: Засгийн газар