“Байгаль орчинд ээлтэй, тогтвортой тээвэр” сэдэвт Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын Дээд түвшний 11 дэх удаагийн форум манай улсад болж байна.

Тус форумын үеэр МУ-ын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшин "Энэхүү чуулга уулзалт нь хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, бүтэц, хязгаарлагдмал нөөц зэрэг дэлхийн хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах арга зам, бодлого, зорилтуудыг оновчтой тодорхойлох болон, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд бүс нутгийн анхаарлыг хандуулахад чиглэж байна.

Далайд гарцгүй Монгол орны хувьд тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхдээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах зорилт дэвшүүлсэн. Мөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлого” зэрэг салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, иргэдэд аюулгүй ая тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх арга замыг тодорхойлсон билээ.

Монгол Улс байгаль орчинд ээлтэй, тогтвортой тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай бодлого барьж,  энэ хүрээнд төмөр замын болон авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын тээврийг хөгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төвшинээр барих зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа ч цаашид хийх, эрчимжүүлэх ажил их байна.

Хүндэт төлөөлөгчид өө,

Эх оронд маань зохион байгуулагдаж буй энэ удаагийн форум өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд хийсэн бүтээснээ дүгнэж цэгнэн,  дараагийн ээлжит зорилтоо тодорхойлох нь дамжиггүй.  

Мөн “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисийн хэлэлцээр”, Хабитат III-аас гаргасан  “Шинэ хотжилтын хөтөлбөр”, “Бангкок Тунхаглал 2020” болон Нэгдсэн Үндэсний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан олон улсын хэлэлцээр,  хөтөлбөр, тунхаглалын зорилтуудад чиглэсэн төслүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар болон эдийн засаг, шинжлэх ухаан,  техник, технологийн асуудлуудаар баялаг туршлагаа хуваалцах, бие биеэсээ суралцах таатай боломж бидэнд олдоно гэж найдаж байна" гэдгийг онцлон хэллээ.


Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам