“Мандал Эрсдэлийн Сургууль” нь үйл ажиллагааныхаа хүрээнд эцэг эхчүүддээ зориулан хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүйн талаарх “Ирээдүй” цуврал вебинарыг явуулж эхэлсэн билээ. Бидний гурав дахь дугаарын зочноор Мандал Даатгал ХК-ийн ТУЗ-ын дарга, эдийн засагч Ө. Ганзориг оролцож хүүхдийн бүтээмжийн талаар ярилцлаа. Ингээд бид та бүхэнд Ө. Ганзоригийн өгсөн онцлох зөвлөмжүүдийг хүргэж байна. 

Монгол Улсын хувьд хүүхдүүд жил хагасын дараагаар танхимаар хичээллэж эхэлж байна. Танхимаар хичээллэх нь хүүхдэд онолын мэдлэгээс гадна нийгмийн харилцааны чухал чанарууд сууж, хөгжих орчныг бүрдүүлэхэд тус болдог. Хөл хорионы хугацаанд хүүхдүүдэд боловсролын болон нийгмийн харилцааны асар том хоцрогдол үүссэн ба ирээдүйд үүнээс ямар үр дагавар гарахыг хэн ч хэлж мэдэхгүй юм. 

Цар тахалтай холбоотойгоор үүссэн нөхцөл байдал олон зүйлийг харууллаа. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн боловсролыг нэгдүгээрт тавьж хардаггүй нь дээр , аливаа асуудлын суурийг олж харж чадахгүй байна. Иймд, эцэг эхчүүд маань хүүхдийг хооллож, сургуульд суралцуулснаар эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэчихсэн, сургуулиас хүүхэд зөвхөн онолын мэдлэг олж авах ёстой гэдэг ташуу ойлголтуудаа халах хэрэгтэй. Хүүхдийн боловсрол гэдэг бол суурь хэрэгцээг хангаж, сургуульд явуулахаас илүү өргөн хүрээний ойлголт. Эцэг эх болон боловсролын системийн гол зорилго бол өндөр бүтээмжтэй иргэнийг бүтээх явдал юм. 


Бүтээмж гэж юу вэ? 

Ертөнцийн юмс, үзэгдэл бүхэн хоёр талтай: философийн болон эдийн засгийн. Философийн талт хүнийг нийгэмдээ хувь нэмэр оруулдаг, нийгэмдээ үнэлэгддэг, найз нөхдөөрөө хүрээлүүлсэн гэж ойлгож болно. Харин нөгөө тал нь эдийн засгийн буюу мөнгө санхүүгийн тал. Хүн амьдарч байгаа учраас мөнгө олдог байх ёстой юм. Энэхүү хоёр тал нь хангагдаж байж юмс, үзэгдэл төгс болж байдаг. Харин энэхүү хоёр талыг тэнцвэртэй бөгөөд зэрэг хангадаг зүйл бол бүтээмж буюу эдийн засгийн хэлээр бүтээгдэхүүн юм. 

Хүн амьтнаас бүтээмжээрээ ялгардаг. Амьтад хэрэглэгч бол, хүн эсрэгээрээ бүтээдэг. Иймд бид хүүхдийг хэрэглэгч биш, бүтээгч болгон өсгөх үүрэгтэй. 

“Өндөр бүтээмжтэй хүн хэзээ ч асуудлын өмнө өвдөг сөхрөхгүй, гунихгүй. Эсрэгээрээ аз жаргалтай амьдарч чадна.” 

Хүүхэд насанд хүрсний дараагаар ямар нэгэн бүтээгдэхүүнийг бий болгоно. Тухайн бүтээгдэхүүн нэг талаараа өндрөөр үнэлэгдэж, нөгөө талаараа бүтээлчийг нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлж, нэр хүндтэй нийгмийн гишүүн болох суурь нөхцөлийг хангадаг байх шаардлагатай. 

Бүх зүйл хэмжигдэхүйц ба тодорхой байх хэрэгтэй юм. Тиймээс гарцаагүй үнэн бол бүтээмж. Бүтээмжийг бид хэмжиж болно. Тиймээс өндөр бүтээмжтэй хүнийг бий болгохын тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ амьтнаас ялгарах “бүтээгч” шинж чанар дээр төвлөрөх хэрэгтэй юм. 

Өндөр бүтээмжтэй болгохын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ? 

Өндөр бүтээмж гэдэг бол эцэг эхийн үлгэр дуурайллаас эхлэх юм. Хүүхдийн боловсролын хамгийн багадаа 70 гаруй хувийг эцэг эхчүүд бий болгодог ба хүүхэд таныг толины тусгал мэт хуулж байдаг. Иймд, эцэг эхчүүд хүүхдийн хажууд ярьж байгаа зүйлсээ цэгнэж, өөрийн хийж буй ажил болон түүний үр дүн, бүтээмжийн талаар хуваалцахыг эрмэлзэх нь зүйтэй. Энэ нь таны өндөр бүтээмжтэй иргэн бэлтгэх эхний алхам юм шүү. 

Хүүхэд бүр адил биш

Хүүхдийг хоёр төрөлд ангилж болно. Гадагшаа буюу нээлттэй, дотогшоо буюу хаалттай. Энэ бол төрөлхийн зүйл юм. Хэрэв нэгэнт дотогшоогоо  төрсөн бол тухайн хүүхдийн эвдэх гэж оролдож болохгүй. Энэ зан төлөв нь хүүхдийн оюуны чадамжийн тодорхойлолт биш юм. Өөрөө хэлбэл дотогшоогоо хүүхэд тэнэг байна гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ нээлттэй хүүхдээс ч бүтээмж өндөртэй байж болно. 

Дотогшоо буюу бусадтай харилцах харилцаанд “болхи” хүүхдийг тодорхой нөхцөлд нээлттэй болгоход эцэг эхийн тусламж шаардлагатай. Энэхүү тусламж нь нэг өдрийн, нэг сарын ажил биш, харин тууштай, бага багаар ажиллаж байж үр дүнгээ өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй юм. 

Хүнтэй харилцахад бэлтгэх, олны өмнө илтгэх чадварыг хөгжүүлэх зэргээр дэмжиж болно.

Түүнчлэн бүх зүйл эхний удаагаас болохгүй байсан ч хүүхдийг урамшуулж, тухайн үйлдлийг дараагийн удаа оролдох итгэл ба боломжоор хангах нь зөв юм...

Үргэлжлэлийг https://www.facebook.com/groups/mandalschool холбоос дээр дарж вебинараас үзээрэй.