УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үед гишүүд тус хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, хэрэв хууль батлагдахаар болбол санал хураалт явуулахад гишүүдийн 3-ний 2 нь дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг огцруулдаг байх зэрэг хэд хэдэн заалт нэмж оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын даргыг биш УИХ-ыг тараах хэрэгтэй. Маргаашаас УИХ-ыг тараах гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ хэмээсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Ерөнхийлөгчийг УИХ-ын даргыг огцруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл оруулж ирснийг зөв гэж бодож, дэмжиж байна. Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Надад УИХ-ын даргын албан тушаалаас буухгүй гэж хойшлуулаад байсан зүйл алга" хэмээсэн юм.

Хуралдааны төгсгөлд "Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүн 100 хувийн саналаар дэмжлээ.

Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулахаар болж, Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.