Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо энэ сарын 14-18-ны өдрүүдэд Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) Ассамблейн 137 дугаар чуулган болж байна. Уг чуулганд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид болох Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат нар оролцож байна. 

Энэ удаагийн чуулганаар ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганы хөтөлбөрт нэмж оруулах шаардлагатай тулгамдсан асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ нэгдсэн хэлэлцүүлгийг “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлцээ явуулах замаар соёлын олон  ургалч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд хийж байна.

Дэлхийн  улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо нь 1889 онд Парис хотноо анх үүсэн байгуулагдсан бөгөөд 171 жинхэнэ, бусад 11 гишүүнтэй. ОУПХ нь улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж зөвлөмж, тогтоол гарган, парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах, үйл ажиллагааг нь сайжруулах болон түүний салшгүй хэсэг болох хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой аж. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал ОУПХ-нд 1962 онд гишүүнээр элссэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.