УИХ-ын гишүүн Самандын Жавхлан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж өргөн барьжээ. Тэрбээр энэ сарын 6-нд уг төслөө Засгийн газарт өргөн барьсан байна. Журам ёсоор 30 хоногийн дотор олон нийтэд танилцуулагдаж УИХ-д хэлэлцэх шат руу орох юм. Энэ бол түүний өргөн барьж буй анхны хуулийн төсөл юм.

Түүний боловсруулсан хуулийн заалтууд батлагдвал ЖДҮ-чин гишүүд болон төсвийн хөрөнгөөс мөнгө зувчуулсан хэрэгт орооцолдсон, ашигт малтмалын лицензтэй, офшор данстай улс төрчид сонгуульд нэр дэвших эрхгүй болох нь.

УИХ-ын гишүүн С.Жавхлан УИХ-ын тухай хуулийн 6.9.2, 6.13-ыг өөрчилж доор дурдсан агуулгаар өөрчлөн нэмэх төсөл боловсруулжээ. 

УИХ-ын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт:

✔6.9.2УИХ-ын гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан

✔6.9.3 т УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татсан бөгөөд тухайн УИХ-ын гишүүн бүрэн эрх, халдашгүй байдлаараа хэрэг шалгах ажиллагаанд саад учруулахгүй гэдгээ илэрхийлсэн бол яллах дүгнэлт үйлдсэн тохиолдолд Улсын ерөнхий прокурор УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулна 

✔6.9.13 УИХ-ын гишүүний бүрэн эрх түдгэлзүүлэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын гишүүний халдашгүй хорооны санал дүгнэлтийн үндэслэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ил санал хураалтаар шийдвэрлэнэ" гэсэн өөрчлөлтийг тусгажээ.

Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт:

✔Нэр дэвшигч нь офшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий хүний нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байрлуулах, архи тамхи үйлдвэрлэл эрхэлдэг ААН-тэй ямар нэгэн хамааралгүй, ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй байх

✔УИХ-д нэр дэвшигч нь өмнө албан тушаалаа урвуулан ашиглаагүй, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлига авсан хэрэгт оролцоогүй байх, шүүхээр ял шийтгүүлээгүй байх