Виртуал буюу хийсвэр ертөнц бидний амьдардаг бодит ертөнцөөс илүү сонирхолтой сэтгэл хөдөлгөм болсоор л байна. Бид iPhone болон бусад төрлийн ухаалаг утсанд дуртай байдаг гол шалтгааны нэг нь үүний ачаар дэлхий ертөнцтэй холбогддог явдал билээ. Сүүлийн үеийн сайн утастай байх тусам орчин тойрноо ч анзааралгүй тэрхүү виртуал ертөнц дотор орчихдог.

Гэвч эцсийн эцэст бид технологийн хөгжлийг ухамсартайгаар хэрэглэхээс илүү шунан татагддаг. Би ч мөн ижил ухаалаг утсандаа донтож хэрэглэх ёстой дүрмүүдийг нь зөрчиж байснаа нуухгүй. Найзууд минь намайг өдөржин ямар нэг аппликейшн хэрэглэж тэднийг тоохгүй байхаас залхаж эхэлсэн. Үүнээс гадна би надаас өөр төрлийн, өөр брэндийн ухаалаг утас хэрэглэдэг хүмүүсийг доош нь хийж тэдэнтэй маргадаг болсон. Кино театрт очиж кино үзэхээс илүүтэйгээр гар утсаараа л үзчихдэг байсан юм.

Харин удалгүй би энэ муу зуршлуудыг би ганцаараа л хийдэг биш, бараг бүх л хүмүүс над шиг болсныг ойлгосон. Хүмүүс олон нийтийн газарт байхдаа хүртэл утсаа ширтсээр эргэн тойронд юу болж байгаагаа ч анхаарахаа больжээ. Мөн гар утас нь сүлжээгүй болохоор юу юунаас илүү бухимдаж харагддаг. Тиймээс би бүх зүйл оройтохоос өмнө ухаарч ухаалаг утсаа зөв хэрэглэх 10 дүрмийг олсон юм.


#1. Цагийн хязгаар

Facebook, Youtube болон гар утасны тоглоомнууд хүнийг нойргүйдэлд хүргэх аюултай. Тиймээс унтахаас өмнө тэдэн цагт болон сэрснээс хойш тэдэн цаг гэх хязгаар тавиад тэр хугацаандаа утсаа оролдох хэрэггүй. Ингэснээр шөнө бүтэн нойртой тайван амрах ажээ.


#2. Үргэлж тоглоом тоглох хэрэггүй

Би маш олон цагийг өөр юу ч хийлгүй зөвхөн тоглоом тоглоход зарцуулж байсан. Эргээд бодоход би тэр хугацаанд өөр зүйлс хийж болох байсан шүү дээ. Зах зээлд гарсан бүх л тоглоом хүнийг донтуулахын тулд бүтээгддэг нь үнэн. Тиймээс донтолгүйгээр өдөрт тодорхой хугацаа гарган тоглоод л орхиж сураарай.


#3. Чухал дуудлагыг л ав

Ухаалаг утсанд зориулсан мянга мянган аппликейшн дунд хэрэггүй (танихгүй) дуудлагыг ирүүлэлгүйгээр зөвхөн чухал хэмээн онцолсон хүмүүсийн дуудлагыг л хүлээн авах аппликейшн байж л таарна.


#4. Хэрэггүй зүйлс хайх

Интернэт гэдэг том далайд бид ямар нэгэн зүйлийн тухай хайхдаа үргэлжлүүлэн судалсаар л долоон хоногийн хорин дөрвөн цагийг зарцуулах нь холгүй байдаг. Тиймээс хэзээ ч хэрэг болохгүй зүйлсийн тухай мэдэхийн тулд хамаг цагаа үрэх хэрэггүй.


#5. Үргэлж зургаа авах хэрэггүй

Миний хамгийн их хийдэг байсан муу зуршлуудын нэг бол энэ юм. Эргэн тойронд байх зүйлс болон харсан үзсэнийхээ зургийг байнга авч түүнийгээ онлайнд байршуулан найзуудтайгаа хуваалцах нь дийлэнх хүмүүсийн зуршил билээ. Гэвч нухацтай бодоод үзэхэд энэ бүхэн үнэхээр хэрэгтэй гэж үү? Орчин тойрноо мэдрэхээс илүү жижигхэн линзний цаанаас хорвоог харах сайхан гэж үү?


#6. Хүмүүсийг үл тоох хэрэггүй

Ихэнх ухаалаг утас хэрэглэгчид үйлчилгээний газарт байхдаа зөөгч болон кассчинг тоолгүй утсаа оролдон зогсдог нь үнэн. Бид утсаа оролдон зогсохдоо "Хэрхэн цагаа үр бүтээлтэй өнгөрөөх" талаар хэн нэгэнтэй ярилцаж эсвэл тэр тухай уншдаг билээ. Гэвч бодит амьдрал дээр хамаг цагаа гар утсаа ширтэн өнгөрүүлж эргэн тойрны амьд хүмүүсийг байгаа эсэхийг ч тоолгүй өнгөрүүлдэг.


#7. Доромжлох хэрэггүй

Youtube шиг сэтгэгдэл бичих боломжтой сайтуудад бид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн уур уцаараа шууд л гаргачихдаг. Хэн ч таныг гэж мэдэхгүй учраас доромжилсон үгс, доош нь хийсэн гүтгэлэг бичих нь тийм ч хэцүү санагддаггүй. Гэвч хэн нэгний нүд рүү хараад хэлж чадахгүй үгсээ дэлгэцийн ардаас гаргах хэрэггүй.


#8. Утсаар ярихдаа орилох хэрэггүй

Ухаалаг утас хэрэглэдэг хамгийн бүдүүлэг хүмүүс хүртэл утсаараа чанга ярьдаг хүмүүсийг тэвчдэггүй. Олон нийтийн газар болон цахилгаан шатанд явж байхдаа чангаар орилон хэн нэгэнтэй ярих хэрэггүй. Эргэн тойрны тань бүх хүмүүс бухимдах болно.


#9. Машин барьж явахдаа мессеж бичих хэрэггүй

Амьдралд юу ч тохиолдож болно. Та хичнээн хурдан бичдэг эсвэл сайн жолоо барьдаг байсан явж буй замаасаа хараагаа салган утсаа ширтэж хэрхэвч болохгүй шүү.


#10. Амралт ав

Ямар нэгэн эд зүйлээс хамааралтай байх нь сайн зүйл биш. Хэрэв та ухаалаг утасгүйгээрээ бүтэн долоо хоног тэсч чадахгүй бол та өөрийнөө донтсон байна гэж дүгнэж болно. Хэрэв боломжтой бол ухаалаг утсаа унтраагаад 48 цагийг бодит ертөнцөд өнгөрүүлээд үзээрэй. Ядаж жилдээ нэг удаа ингэх нь тун чухал шүү.