Хүн бүр л ухаалаг утас барих болсон цагт хэрэглээнд бүрэн нийцэх утсыг олох тийм ч амар биш. Бусдын санал болгосон утас таны хэрэгцээнд нийцэхгүй байж ч болно. Мөн сурталчилгаагаар хамгийн сайн, сүүлийн үеийн гэх утаснуудыг авахад хэтэрхий үнэтэй байдаг билээ. Тэгвэл ухаалаг утас худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө хүргэж байна.

IOS үйлдлийн систем нь ашиглахад хялбар загвартай бөгөөд хэрэглээнд нийцэх аппликейшнүүдтэй. Харин андройдын хувьд загвараа хүссэнээрээ өөрчилж, төрөл бүрийн үйлдэл хийх боломжтой.

Хэрэгцээнээсээ давсан үнээр утас худалдан авах хэрэггүй. Шинээр нээлтээ хийж буй утаснууд тэнгэрт тулсан үнэтэй байдаг. Гэтэл та зөвхөн утсаар ярьж, интернэт орох зэрэгт л зарцуулах учир илүү хямд хэрнээ өмнөх загвараас сонгож болно шүү дээ. Шинэ болох хуучин загварын утаснуудын хооронд маш бага ялгаа байдаг.

Хэрэв та жижигхэн гартай бол 5.5 инчээс жижиг дэлгэцтэй утас аваарай. Харин тоглоом тоглох, бичлэг үзэх дуртай бол том дэлгэцтэй утас сонгохыг зөвлөж байна.

Дэлгэцний нарийвчлалаас илүү хэдэн өнгө ялгах чадал, гэрэл зэргийг нь хараарай. Учир нь 4К дэлгэц хэдий тод ч гэсэн дотор орчинд биш л бол хэтэрхий цайвар хурц гэрэлтэй харагддаг. Тиймээс HDR буюу илүү олон өнгө ялган харагдуулах утас сонгоорой.

Хэрэв та тоглоом тоглох дуртай бол процессорын хувьд Snapdragon 821, Snapdragon 835 чиптэй андройд сонгохыг зөвлөж байна. Харин iPhone 7 утасны A10 процессор нь үнэхээр хурдтай шүү.

Гар утасны баттери 3000 mAh-аас бага бол сонирхох ч хэрэггүй.

Багтаамжийн хувьд доод тал нь 32GB-ийг сонгоорой. Учир нь 16GB ихэнх хүмүүст хангалттай санагддаггүй бөгөөд хэрэв олон тоглоом татахаар бодож байгаа бол 64GB-ийг зөвлөж байна.