Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар ирэх онд эдийн засгийг тогтворжуулан төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” бодлогыг төлөвлөн, дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр танилцуулж буйгаа хэллээ.

Тус бодлогын хүрээнд:

1. Гаалийн шинэчлэлийг эхлүүлнэ: Экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулж байгалийн баялгаас авах татвараа бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлнэ. Шинэчлэлийн хүрээнд экспортоор гарч буй байгалийн баялгийг тээврийн хэрэгсэл бүрээр нарийвчлан шинжлэх, хилийн боомтуудыг өндөр хүчин чадал бүхий рентген тоног төхөөрөмжөөр хангах, гаалийн лабораторийн үйлчилгээг цахимжуулах, хилийн боомтуудыг теле хяналтын нэгдсэн системд холбон шуурхай удирдлагаар хангах ажлыг эхлүүлнэ.

2. Татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ: Бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, хөрөнгийн зах зээлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, татварын суурийг өргөтгөх зорилгоор Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй татварын хуулийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхээр тооцсон.

3. Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлсийг  нэмэгдүүлнэ:  Засгийн газар 2019 онд тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 720.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгалаа. Тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 421.5 мянган өндөр настан, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа 135.0 мянган хүн, цалин хөлсний нэмэгдэлд 185.0 мянган төрийн албан хаагч  хамрагдана. 

4. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно: Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах сонирхлыг урамшуулан дэмжих зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа 39.0 мянган суралцагч тус бүрд сар тутамд  100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тооцлоо. Энэ арга хэмжээнд ирэх 2019 онд шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгав.

5. Цахим технологийн дэвшлээр дамжуулж төрийн үйлчилгээнд зарцуулсан төсвийг ил тод, хяналттай болгоно: Техник технологийн дэвшлийг ашиглан төсвийн зарцуулалтын үр ашиг болон  хяналтыг сайжруулж, төрийн чиг үүргийг иргэдэд илүү үр дүнтэй, үр ашигтай байдлаар хүргэнэ. Төрийн албан хаагчдыг бүртгэлжүүлж төсвийн байгууллагын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, гүйцэтгэлийг цахимжуулах замаар төсвийн урсгал зардлын багагүй хувийг эзэлдэг цалин хөлс, нийгмийн баталгааны зардлын хяналтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

6. Сум, өрхийн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгоно: Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын нэр төрлийг нэмэгдүүлж шаардагдах эх үүсвэрийг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. Ингэснээр анхан шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ суманд хэрэгжиж, улмаар аймаг, нийслэл рүү чиглэсэн урсгал багасна.

7. Эмнэлгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн санхүү, удирдлагын хувьд бие даалгах ажлыг эхлүүлнэ: Эмнэлгийн бие даасан байдлыг хангах замаар тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг бие даалгаж үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнгээр нь тооцож санхүүжүүлнэ. Үүний үр дүнд эмнэлэг төсвийн менежментээ өөрсдөө бие даан хэрэгжүүлж, эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, зардлын үр ашиг сайжирч өрсөлдөх чадвартай болно.

8. Агаар орчны бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: Ирэх онд агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд нийт 193.1 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгалаа. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүрэг, давхардлыг арилгаж ажлын уялдаа холбоог сайжруулна.

9. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлнэ: 2019 онд улсын төсвөөс 1.4 их наяд төгрөг, үүнээс шинээр хэрэгжүүлж эхлэхэд 752.0 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар тооцлоо. Ингэснээр 2019 онд нийт 117 сургууль, нийт 143 цэцэрлэг, нийт 34 дотуур байр, нийт 61 эмнэлэг, нийт 52 соёлын төв, нийт 37 спорт заал, нийт 50 улсын болон орон нутгийн замын ажил, нийт 13 гүүрний байгууламжийн ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд 36 ерөнхий боловсролын сургуулийн шинэ барилга болон өргөтгөлийг ашиглалтад оруулахаар тооцож, үүнд шаардагдах хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн төсөлд тусгаад байна.

10. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлнэ: Засгийн газраас бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор нийт 189 тэрбум төгрөгийг аймаг тус бүрд 8-10 тэрбум төгрөг байхаар тооцон Улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор тусгалаа. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутагт олгох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 2018 оноос 62 хувиар нэмэгдүүлж 144 тэрбум төгрөгт хүргэв.

11. Орлоготой нь уялдуулсан зардлын төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлнэ: Улсын төсөвт төвлөрч байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь, газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийн 30 хувь, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн орлогын 50 хувь нийт 33 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт хуваарилна. Ингэснээр орон нутаг бие даан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

12. Өөрийн хөрөнгийн ашиглалт, урсгал зардлын үр ашгийг нэмэгдүүлнэ. Орон нутгийн засаг захиргаа өөрийн өмчөө арчилж тордох, зөв зохистой удирдах замаар ашиглалтын зардлын үр ашгийг нэмэгдүүлэх, зардал хэмнэх хөшүүргийг бий болгох зорилгоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын  сургууль, хүүхдийн цэцэрлэг, сумын эрүүл мэндийн төв, хүүхэд хамгааллын байгууллага, газрын харилцааны алба зэрэг байгууллагын байр ашиглалтын зардлыг орон нутагт хариуцуулна. Мөн эдгээр объектийн ашиглалтад шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвийн суурь зардалд нэмж олгоно.

13. Малыг эрүүлжүүлэхэд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлнэ: Мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар гадаад зах зээлд хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд мал сүргийг эмчлэх, эрүүлжүүлэх зардлыг 2 дахин нэмэгдүүлнэ. 

14. Ирээдүй хойч үедээ зориулсан хуримтлал бий болгоно: 2019 онд Хүний хөгжил сангаас шилжиж ирсэн 1.1 их наяд төгрөгийн өрийг Ирээдүйн өв сангийн орлогоос барагдуулж 553.1 тэрбум төгрөгийг хуримтлуулна. Ингэснээр Монгол Улс анх удаа байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал үүсгэж байна.

15. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг бууруулна: Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн төсөлд нийт орлогыг 2018 оноос 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.1 их наяд төгрөг, нийт зарлагыг 2018 оноос 2.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.6 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -1.9 их наяд төгрөг байхаар тооцсон гэв. 

Төсвийн алдагдал 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний -8.0 хувьтай тэнцэж байсан бол ирэх онд -5.4 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлага болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгагдсан нөхцөл шаардлагуудыг бүрэн хангахаар байгааг Ерөнхий сайд танилцууллаа.