Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааныг Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх даргалж, удирдан явууллаа.

Хурлаар Хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны төлөвлөгөөг батлав. Мөн Хорооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрдэмтэн судлаачдын бүлэг байгуулах тухай тогтоолыг баталж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан салбар зөвлөл хороог шагнаж урамшууллаа.

Энэ үеэр Жендэрийн Үндэсний хорооны ээлжит хуралдааныг нээж Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна 

Сайн байцгаана уу

Жендэрийн үндэсний хорооны хуралдаанд оролцож буй нийт эмэгтэйчүүддээ өнгөрсөн ч гэсэн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг  хүсье.

Жендэрийн үндэсний хороо 2015 оноос хойш хуралдаагүй тул  шийдвэрлэх шаардлагатай цөөнгүй асуудлууд хуримтлагдсан байна.  Иймд Хорооны хуралдааныг яаралтай зохион байгуулж, хийсэн болон хийх ажлуудаа хэлэлцэж, алдаа, оноогоо дүгнэж, гишүүд та бүгдийн санал, сэтгэгдлийг сонсож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Бид Анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халж,  Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Ази тивийн орнууд дотроос хамгийн түрүүнд Монголын төрхуульчилсан юм.

Түүнээс хойш манай улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүс улстөр, нийгэм, соёлын эрхээ ижил тэнцүү эдэлж, эх орныхоо бүтээн байгуулалтад мөр зэрэгцэн хөдөлмөрлөж Монгол улсаа хөгжүүлсэн.

Түүнчлэн Монгол улсын Төрөөс эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүн гарсаар байна. Үүний нэг жишээ бол Монгол улс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан 9 дэх орон болсныг НҮБ-аас зарласан.

Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, хуулийг хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог бий болгож, чамлахааргүй амжилтад хүрээд байгаа билээ. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар 2016 онд хийгдсэн хөндлөнгийн үнэлгээ харуулж байна.

Хууль хэрэгжихгүй байгаа үндсэн шалтгаануудад жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл буруу ойлголт, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хангалтгүй, хуулиар үүрэг хүлээгчдийн ойлголт, мэдлэг сул байгаа талаар үнэлгээнд  дурдсан байна.

Түүнчлэн төрөөс анхаарч, шийдвэрлэх ёстой жендэрийн асуудлууд байгаа болохыг статистик үзүүлэлтүүд харуулж байна. Тухайлбал,

2016 оны байдлаар Монгол хүний дундаж наслалт 69.6, эрэгтэйчүүдийнх 65.6, эмэгтэйчүүдийнх 75.1  байгаа ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү  9 жил, тухайн жил нас барагсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс 5.5 дахин, зам тээврийн осолд өртөх тохиолдол 3.4 дахин өндөр байна. Энэ баримтаас харахад  эрэгтэйчүүд рүү  чиглэсэн бодлого, үйл ажиллагаа дутмаг байгааг харуулж байна.

Өнөөдөр төрийн албанд ажиллагсдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тооэрчүүдээс илүү байна. Сүүлийн жилүүдэд шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа  ч Засгийн газар, УИХ-ын төвшинд хангалтгүй байна.

Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч Аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа  эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэхүү зөрүү нь цалингийн хэмжээнээс хамааралтай тэтгэвэр, тэтгэмжид ч нөлөөлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, Жендэрийн эрх тэгш байдлын талаарх олон нийтийн ойлголт, хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буураад байна. Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлд манай олон охид, эмэгтэйчүүд өртсөөр л  байна.

Бидний өмнө тулгамдаж байгаа бэрхшээлээс заримыг нь дурдлаа.  Эдгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх тал дээр Төр-Засаг, Жендэрийн үндэсний хороо, Иргэний нийгмийн байгууллага, Аж ахуйн нэгжүүд  хамтран ажиллаж байж амжилтад хүрнэ. 

Хорооны гишүүдээ,

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх”-ээр тусгаж, энэхүү зорилтыг хангах хүрээнд Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тогтвортой хөгжилд хүрэх төрийн бодлогын уялдаа холбоо сайжрах, салбаруудын бодлого жендэрийн мэдрэмжтэй болох, бүх аймаг, дүүрэг жендэрийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тасаг, кабинет бүх аймаг, дүүрэгт байгуулагдах, жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөх, төрийн албан хаагчдын жендэрийн мэдрэмж, соёл, манлайлал дээшлэх, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх, жендэрт суурилсан хүчирхийлэл буурах зэрэг эерэг үр дүн гарах юм.

Бидний тавьж буй зорилт, гарч буй шийдвэрийг хэрэгжүүлэхэд Хорооны гишүүд Та бүгдийн хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал бөгөөд шат шатандаа манлайлж хариуцлагатай, бодит үр дүн гаргаж ажиллахыг хүсч байна" гэсэн юм.