У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар бүтэн өдрийн турш хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэлээ. Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад олонх нь буюу УИХ-ын 40 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Ингэснээр Засгийн газар тогтвортой ажиллахаар боллоо.

Тус чуулганы хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрээр "Төрийн тогтворгүй байдал үүсч, удаан хугацаанд ард түмнийхээ сэтгэлийг түгшээсэн явдалд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард иргэдээсээ уучлал хүсч байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы үеэр миний алдаа дутагдлыг ил тод хэлж, үнэтэй зөвлөгөө өгсөн шударга улс төрчдөд талархаж байна.

Би төгс хүн биш ээ, надад алдаа бий, оноо ч бий. Итгэл хүлээлгэсэн ард түмэнтэйгээ хамт шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэхээ эр хүний ёсоор амлаж байна. Шударга бустай тэмцэх бидний замд олон бэрхшээл таарна, тэр болгоныг хамтдаа даван туулна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!" хэмээн бичжээ.