Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд "Монгол Улсын Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл" боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл хийсэн.

Тэрээр энэ үеэрээ "Монгол Улс нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ хүн амын хамгийн их хувь нь нийслэл хотдоо төвлөрснөөрөө мөн адил дэлхийд тэргүүлэх хэмжээнд байгаагаас гадна хүн амын тал шахам хувь нь агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдол ихтэй хотод амьдарч байгаа нь хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо алдагдсаны тодорхой илэрхийлэл юм.

Хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлсийг нийслэлийн дагуул хот болон орон нутгийн хот, суурин газруудад бий болгох шаардлагатай.

Олон улсын жишгээс авч үзвэл хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчныг өөрийн орны онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан газар зүйн байршилд тулгуурлан тодорхойлдог...

...Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо болон хот байгуулалтын салбарт нэг хот төвтэй хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрс, усны бохирдол, авто замын хөдөлгөөний түгжрэл, хот болон хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл нэмэгдэх зэрэг сорилтууд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулан агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, нийслэлийн дагуул хот, суурин газрууд, бүсийн тулгуур төв, аймаг, сумын төвүүд зэрэг бусад хот, суурин газруудыг төлөвлөн хөгжүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, орон нутгийн хотуудын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг авах шаардлага гарч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь үндэсний аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг хэрэгжүүлэхэд юуны өмнө өргөн уудам нутаг, харьцангуй эмзэг байгаль, цөөн хүн амын харилцан шүтэлцээг харгалзах нь зүйтэй. 

Үүнд, Монгол орны газар нутаг, уур амьсгал, хүн амын уламжлалт нүүдлийн болон суурин хэвшлийн амьдрал, соёл иргэншлийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй, алс хэтийн хараатай хот байгуулалтын зөв бодлого хэрэгтэй" гэдгийг хэллээ.