Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томиллоо. УИХ-ын өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, чуулганд оролцсон 47 гишүүн 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.

У.Хүрэлсүх гэж хэн бэ?


Төрсөн газар, нас: Улаанбаатарын уугуул, 49 настай. 

Мэргэжил, цол, зэрэг: Улстөр судлаач, төрийн удирдлагын арга зүйч, эрх зүйч. Улс төрийн шинжлэх ухааны магистр. Бэлтгэл хурандаа.

Орлого, хөрөнгө:

Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар өөрийнх нь орлого 119 сая 913 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 2 сая 729 мянган төгрөг. Хоёр орон сууц нь 162 сая 448 мянган төгрөгөөр үнэлэгддэг. Mercedes Benz ML320-1, Hartley Davidson-1, Lexus 570-1 гэсэн гурван машинтай. Нийлбэр үнэлгээ нь 284 сая 058 мянган төгрөг. Ашиглах 1.5 га газар эзэмшдэг ч үнэлгээ нь тодорхойгүй. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй. Хадгаламжиндаа 1 тэрбум 756 сая 362 мянгөн төгрөгтэй, “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцаатай.

Намд элссэн он, хашсан албан тушаал:

19 насандаа МАХН-д элсч байж. 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн Ажлын албанд зөвлөхөөр ажилласан түүх намтарт нь бий. 1996-1997 онд МАХН-ын дэргэдэх "Залуучууд-хөгжил" төвийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 

Намаа ялагдал хүлээсэн жилүүдэд буюу 1997-1999 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, тухайн үед 40 мянган залуу МАХН-д элсэж байсан гэсэн тоог энэ намын лидерүүд онцолдог. 2000 оны парламентын сонгуульд МАХН 72 суудал авсаны нэгийг нь У.Хүрэлсүх авч байв. Энэ үеэс МАХН-ын Удирдах зөвлөлд багтсан юм. 2007 оноос намаа шинэчлэх санаа гаргаж, Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүхтэй. 2008 -2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 

УИХ:

2000-2004, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Парламентын сонгуульд 2012 онд ялалт байгуулсан ч эхнэрээ эмчлүүлнэ гэсэн шалтгаанаар УИХ-ын гишүүний албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн юм. 

Засгийн газар:

Засгийн газарт ажилласан түүх нь 2004 оноос эхэлдэг. 2004-2006 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, 2006-2008 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол улсын сайд, 2016 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй.