Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэ сарын 16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.

Өнөөдрийн хувьд авто болон төмөр зам, орон сууцны хороолол, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Байгалийн түүхийн музей, цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцыг танилцуулж байна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлан хариуцсан чиглэлээрээ иргэдэд үйлчилж байна. 

Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар товч танилцуулав. 

2018 онд 7.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа сэргэж, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт сайжирч байгааг дурдав. Гол нь энэ өсөлтийг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв. 

Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгнээс онцлох эшлэл:

-  Иргэдээ эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг Засгийн газар бүрдүүлнэ. 

-  2016 онд 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 310 мянган төгрөгт хүргэн, төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар, бусад албан хаагчийн цалинг 10 орчим хувиар нэмэв.

-  Улсын хэмжээнд 2019 онд 21420 ор бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад оруулна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамралтын түвшинг 88.1 хувьд хүргэнэ. 

-  Газрын тос боловсруулах үйлдвэр, шинэ нисэх буудал, Улаанбаатар-Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Яармагийн гүүрийг ашиглалтад оруулж, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Сонсголон, Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам, нүүрсний экспортын төмөр зам барих зэрэг ажил эрчимтэй өрнөж байна.

-  Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Улсын  дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын  барилгын санхүүжилтийг улсын төсөвт тусгасан.

-  Шударга ёс тогтоох, төрийн албанд хариуцлага, сахилга батыг сайжруулах, хууль бусаар байгалийн баялаг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хариуцлага тооцох, баялгийн хуваарилалтыг оновчтой, нийтэд хүртээмжтэй болгоно.  

-  Татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, цалин, тэтгэврийг нэмж, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг тууштай үргэлжлүүлнэ. 

Тус өдөрлөгөөс гэрэл зургаар хүргэж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс