Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөө өглөө 8.30 цагаас эхлэн үргэлжилж байна. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүд, яамдын сайд,  дэд сайд, ТНБД, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг орон нутгийн удирдлагууд оролцдог.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнөөдрийн хуралдаанаар 2018 оныг "Хариуцлагын жил" болгон зарласантай холбоотойгоор зохион байгуулсан ажлуудын үр дүн, 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсан дүнгийн тухай гэсэн үндсэн 3 асуудлаар хуралдана" гэдгийг хэллээ.

Мөн тэрээр хуралдааны үеэр "Монгол Улс Засгийн газар байгуулагдсаныхаа дараа өргөтгөсөн хуралдаан хийснээс хойш нэг жил, 2 сарын хугацаа өнгөрлөө. Өнөөдөр бол 2 дахь удаагийн өргөтгөсөн хурал хийгдэж байна. Засгийн газар болон Ерөнхий сайд 2 зорил дэвшүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Үүнд:

  1. Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоох
  2. Улсын унаж буй эдийн засгийн зогсоож, сэргэлтийг хангах гэсэн 2 зорилтыг би дэвшүүлсэн.  

Энэ зөвхөн Засгийн газрын зорилт төдийгүй та бүхний хийж хэрэгжүүлэх ёстой ажил, та бүхний миний өмнө хүлээсэн хариуцлага. Бидний энэ ажил тодорхой түвшинд хэрэгжиж байгаа. Нэн ялангуяа 2 дахь зорилт. Улсын эдийн засаг зогссон байсан ч тодорхой өсөлт гарч байна. Хамгийн гол нь бид энэ өсөлтийг ард иргэдийн ахуй амьдралд үр шимийг нь хүргэх явдал үлдэж байна. 

Нэгдүгээр зорилт бол хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Нийгэмд шударга ёс тогтоох, сахилга бат, дэг журмыг тогтоох зайлшгүй шаардлагатай. Энэ 2 зорилтын дараа улс орны эдийн засаг хөгжиж, дэвжиж, санхүүгийн сахилга бат сайжирч, ард түмний амьдрал дэвжин дээшилнэ гэдэгт би бат итгэдэг хүн. 

Тийм ч учраас МАНАН дэглэмийг нураахын төлөө ард түмэн гадаа талбай дээр тэмцээд байгаа юм. Бидэнд засаж сайжруулах олон зүйл байна. Төрөөс цэвэрлэх ёстой, цаашдаа ажиллах боломжгүй албан тушаалтнууд төрд байгаа. Эдгээр хүмүүс өндөр албан тушаалтанд ч бий, дунд, доод шатанд ч байгаа. Энэ бүхнийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар, Ерөнхий сайд ажиллаж байгаа. Үүнийг ажил хэрэг болгохын тулд та бүхэн бүгдээрээ надтай хамтарч аймаг, орон нутагтаа ажиллах ёстой. Ард түмэн ядуу зүдүү амьдарч байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ ард түмэн би ядуу амьдарч байна гэхээс илүүтэй эхний ээлжид шударга нийгмийг би болгохыг хүсэж байгаа. Шударга нийгэм, шударга төр засагтай байж улс орны эдийн засаг дэвжиж дээшлэх юм. Энэ улсын эдийн засгийн үндэс нь шударга явдал юм гэж би ойлгож байгаа. 

Тиймээс төрийн албанд шургалсан хулгайч, дээрэмчдийг төрөөс зайлуулах явдал нь миний хийх том ажлуудыг нэг. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө та бүхэн надтай хамтарч ажиллах ёстой. Хэрэв та бүхэн хэрэгжүүлж чадахгүй бол өргөдлөө гаргаад, хашиж буй албаа буцааж өг гэдэг асуудлыг би өнөөдөр тавьж байна. Миний тавьж буй энэ асуудалтай санал нийлэхгүй хүн энд байвал гараа өргө. Би албан тушаалаа авъя. Гар өргөсөн хүн байхгүй учир бүгд санал нэг байна гэж ойлголоо. Тиймээс нийгэм, төрийн албыг шударга болгох, сахилга хариуцлага дэг журмыг тогтоохын төлөө өнөөдрөөс та бид хамтран зүтгэнэ гэдэгт би итгэж байна. Тиймээс би шаардлагаа тавиад явна" гэдгийг онцлон хэллээ.


Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг дүрс бичлэгээр хүргэж байна.